Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

2017-06-28 13:10:00

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр АНУ-д дөрөв хоногийн төрийн айлчлалаа эхлүүллээ. Айлчлалаар Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай анхны дээд хэмжээний уулзалт хийх юм байна. Уулзалтаар хоёр Ерөнхийлөгч АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах ТХААД системийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулсантай холбоотой асуудлаар хэлэлцэнэ гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.

Сөүлийн "Эхва" олон улсын судалгааны охидын их сургуулийн профессор Чой Бьюнг-Иль "Ассошейтэд пресс" агентлагт өгсөн ярилцлагадаа хоёр улсын төрийн тэргүүний хийж байгаа анхны дээд хэмжээний уулзалтын үр дүнд Солонгосын хойгт байрлуулсан АНУ-ын пуужин эсэргүүцэгч ТХААД системийн асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрнэ гэж онцолсон байна.

Мөн тэрбээр энэ асуудлыг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын дипломат харилцаа болон үндэсний аюулгүй байдлын хүрээнд холбоотой асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Тэрбээр Умард Солонгосын болон Өмнөд Солонгосын хооронд үүсээд байгаа цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн туршилттай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд АНУ болон БНСУ-ын аль аль нь өөр арга зам буюу илүү хялбар замыг ашиглаж магадгүй гэж мэдэгдэлдээ онцолжээ.

Өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Олон улсын Таэквондогийн холбооноос зохион байгуулсан арга хэмжээнд оролцох үеэрээ хийсэн мэдэгдэлдээ ирэх 2018 онд зохиогдох өвлийн 23 дахь удаагийн олимпийн наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотод болно. Энэ нь Өмнөд Солонгос улс хойд тивийн “эргэлтийн цэг” болно гэж найдаж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн тус өвлийн олимпийн наадамд хоёр Солонгосын баг тамирчдыг хамтарч оролцуулахаар санал дэвшүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна. Харин энэ асуудлын хүрээнд Умард Солонгост хоригдож нас барсан АНУ-ын оюутан Отто Вормбиртой холбоотой асуудлаас болж АНУ өөр байр сууринаас хандаж магадгүй. АНУ болон Өмнөд Солонгос эдгээр асуудалд харилцан адилгүй байр сууринаас хандаж байгаа ч хоёр улсын Ерөнхийлөгч нэгдсэн тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байгаа гэж профессор Чой Бьюнг-Иль үзэж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна   
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй