БНХАУ 15 сая Филиппин песо буюу 300.000 америк долларыг Марави хотыг сэргээн засварлах үйл ажиллагаанд зориулан хандивласныг тус улсын Филиппинд суугаа элчин сайд мэдэгдсэнийг "Синьхуа" агентлаг уламжилжээ. Филиппиний Марави хотод Засгийн газрын цэргүүд болон "Исламын улс" бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан лалын хэт даврагч хоорондын мөргөлдөөн, үймээн самуун тасрахгүй байгаа юм.
Элчин сайд Зао Жианхуа хандивын чекийг өнөөдөр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертед гардуулан өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ хандив нь Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөгжлийн газрын үйл ажиллагаанд ихээхэн тус болохыг мэдэгджээ. Тус хоёр байгууллага Марави хотод эрүүл мэндийн тусламж үзүүлэн, зөвлөгөө өгч, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцаж буй юм байна.
Түүнчлэн энэ хандив нь хоёр улсын хамтын ажиллагааны тод жишээ болсны зэрэгцээ бүс нутагт энх тайван сахиулахыг эрмэлзэж байгаагийн илэрхийлэл боллоо гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Дутерте Маравигийн үймээн самуунд хохирол хүлээсэн иргэдэд хандан энх тайван тогтоохын тулд цэрэг цагдаагийн хүчний байгууллагууд хүчин чармайлт гарган ажиллаж байгааг цохон тэмдэглээд, энэ ажлын хүрээнд 397.5 сая америк доллар төсөвлөснөө онцолсон байна.
Засгийн газрын холбогдох албаны мэдээлж байгаагаар Марави хотын 82767 айл өрхийн 403052 иргэн дайны хөлд нэрвэгдээд буй юм байна.
| БНХАУ Марави хотод 300.000 ам.доллар хандивлажээ | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.