Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель Аль Жубиер мягмар гарагт Арабын улсуудын Катарт хүргүүлсэн шаардлагын заалтуудыг зөвшилцөхгүйгээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Саудын Араб Катар улсад шаардлага хүргүүлсэн. Шаардлагад тус улсыг "Аль Жазира" мэдээллийн агентлагийн үйл ажиллагааг зогсоох, Туркийн цэргүүдийг газар нутгаасаа гаргах, Иран улстай холбоогоо таслах зэрэг 13 заалт багтсан бөгөөд шийдвэр гаргах хүртэл 10 хоногийн хугацаа өгсөн юм.
Үүнтэй холбоотойгоор Саудын Арабын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчлах үеэрээ мягмар гарагт хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа тус шаардлагын заалтуудыг зөвшилцөхгүйгээ мэдэгдсэнийг "Ройтерс" агентлаг уламжилжээ. Түүнчлэн тэрбээр Катар улс шаардлагыг хүлээн зөвшөөрвөл хамтарч ажиллахад бэлэн, харин зөвшөөрөхгүй бол хөрш орнуудаасаа тусгаарлагдсан хэвээр үлдэхээс өөр аргагүйг тайлбарласан байна.
Энэ сарын 5-ны өдөр Саудын Араб, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт, Египет улс Катарыг террорист бүлэглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж, дипломат харилцаагаа таслан, усан болон агаарын хилээ хаасан. Харин Катар улс энэ шийдвэрийг шударга бус, ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Энэ шийдвэртэй холбоотойгоор Катар улс Саудын Арабаас хүнсний барааныхаа 40 орчим хувийг экспортолж авдаг тул хүнсний дутагдалд орж болзошгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байсан бөгөөд Иран, Турк улс Катарт хүнсний бараа илгээгээд байгаа юм.
| Саудын Араб улс Катарт хүргүүлсэн шаардлагыг зөвшилцөхгүйгээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.