Европын холбоо өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр интернетийн хайлтын системийг тэргүүлэгч "Google" компанид 2.7 тэрбум ам.долларын торгууль төлөх шийдвэр гаргажээ.
Холбооны зүгээс тус компанийг цахим хайлтын системийг дангаар эзэгнэдэг давуу талаа ашиглан, өөрсдийн цахим дэлгүүрийн бизнесийг өргөжүүлж байна гэж буруутгасан байна. Тус холбооны өрсөлдөөн хариуцсан дарга Маргрет Вестагер "Google" компани Европын холбооны өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэж мэдэгдээд тус компани бусад компаниудад өрсөлдөх боломж олгохгүй байгаагаас Европын хэрэглэгчид өрсөлдөөний үр дүнд бий болох үр шимийг хүртэж чадахгүй байгааг тайлбарлажээ.
Европын холбоо "Google" компанийн хайлтын систем нь зөвхөн салбар компаниудынхаа бүтээгдэхүүнийг санал болгож, өрсөлдөгч байгууллагын үйлчилгээг дарж байна гэж үзэж буй юм байна. Европын холбоо өрсөлдөөний тухай хуулийн дагуу нэг байгууллагаас ийм их хэмжээний торгууль төлүүлж байгаа нь 2009 оноос хойших анхны тохиолдол юм.
Өнгөрсөн 2009 онд АНУ-ын чип үйлдвэрлэгч "Интер" компанид 1.06 тэрбум еврогийн торгууль оногдуулж байсан байна. Хэрвээ "Google" компани 90 хоногийн дотор уг зөрчлөө арилгахгүй бол түүний толгой компани болох Алфабет-ийн дэлхийн худалдааны өдрийн орлогын 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг тавих болно гэж Европын холбооны комисс мэдэгджээ.
Харин "Google" компани Европын холбооны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул давж заалдахаар болсон байна.
| "Google" компани 2.7 тэрбум ам.долларын торгууль төлнө | ||
| Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.