Шууд Chart

Д.Ванчинцогзол: Ахмад зураглаачдынхаа чадвараас би ёстой л даах хэмжээгээрээ “хутгаж” авсан

2017-08-22 13:38:48

Уншигч танаа бид энэ удаагийн булангаараа МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн зураглаач Дүзээнямын Ванчинцогзолтой уулзуулж байна. Жолоочоос үзэгч бидний шимтэн хүлээдэг олон арван сурвалжлага, нэвтрүүлэг, зураглалын эзэн болсон тэрбээр Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд ийн ярилцлаа.

-Таны үндсэн мэргэжил автын инженер юм билээ. МҮОНТ-д зураглаач болсон түүхээсээ хуваалцаач ...

-1990 оны эхэн үе юм. Тухайн үед миний үндсэн мэргэжил манай улсад нэг их хэрэгцээгүй болоод байлаа. Иймд цаашид ямар ажил хийх эсэхээ шийдэж ядаад байтал сонины зараас “Радио, телевизийн хэрэг эрхлэх газарт жолооч ажилд авна” гэсэн байхыг уншаад наашаа зүглэсэн. Тэгэхэд нэлээн олон хүн шалгуулахаар ирсэн байв. Тэр үед телевизийн даргаар Д.Жаргал, Боловсон хүчнээр Ж.Аварзэд, Тамгын газрын даргааар С.Маналжав нар гуай ажиллаж байлаа. Д.Жаргал дарга надаас нэлээн юм асууж байгаад “Маргааш манай боловсон хүчинтэй уулзаарай” гээд гаргав. Тэр үеийн хамгийн гоё машин 24 байлаа.  Гэтэл Шийтэр гэдэг жолооч тэр машиныг нэлээн муутгачихаад гражид оруулчихсан байсныг би янзалж, сэлгээд болгочихлоо. Тэгсэн дарга намайг “Чи юу ч гэсэн сурвалжилганд явах машиныг долоо хоног барь” гэв. Ингээд би сурвалжлагч, зураглаачаа аваад Төрийн ордон руу очихоор боллоо. Тэгсэн тэднийг гарч ирсний дараа дарга “Гадаад явдлын яам руу оч. Яарах хэрэгтэй шүү” гэхээр нь би шууд урагшаа гараад давхичихсан. Уг нь тэр үед тэгж явахыг хориглосон байсан юм. Гэтэл хамт явж байсан хүмүүс “Ингэж явж болохгүй. Яаж байгаа нь энэ үү” гэхээр нь “Телевизийн машинд дүрэм хамаагүй биз дээ. Тэгээд ч та нар хурдан явах хэрэгтэй гэсэн биз дээ” гэсэн чинь “Юу яриад байгаа юм. Тийм юм байхгүй, эргэ” гээд дундаасаа эргэж билээ (инээв. сурв).    

-Та Д.Жаргал даргын жолооч байсан гэсэн үү?

-Тийм. 20 гаруйхан настай залуу байлаа. Даргыг өглөө очиж авна. Заримдаа унтаад, даргыг хурлаас нь хоцроочихно. Ер нь хөгжилтэй юм их бий. Хурал болоход хүмүүс намайг “Нойрноосоо болж даргыг хурлаас нь байнга хоцруулах юм” гэхэд дарга “Миний жолооч нарнаар унтаж, сарнаар босдог хөдөөний хүүхэд ээ” гээд тэднийг дуугүй болгож байлаа. Тэгэхээр би их эрх жолооч байсан байгаа биз.

-Д.Жаргал даргын жолоочоор хэр удаан ажилласан бэ?

-Жил хэртэй ажилласан санагдаж байна. Тэр үед гурван дарга солигдсон. Ингээд би Д.Жаргал даргын дараа О.Алтансүх, З.Алтай даргын жолооч болсон. Үүний дараа “Ийм ажил хийхээ больё. Унгераас машин оруулж ирдэг ч юм билүү” гэж бодоод ажилаасаа гарсан. Гэвч тийм ч амархан тийшээ явна гэж байхгүй болохоор микро автобус барьж жуулчдад үйлчилдэг боллоо. Тэгсэн манай програмын хэлтэсийн даргааар ажиллаж байсан одоогийн “Глоб интернэшнл”-ийн захирал Х.Наранжаргал эгч “Би Хэвлэлийн хүрээлэнг байгуулах гэж байгаа. Шинэ тэрэг ч авна. Чи жолоочоор ажиллах уу” гэсэн санал тавихаар нь хүлээн авч, жил хэртэй ажилласан. Гэтэл “МРТХЭГ-ын дэргэд Б.Бадар-Ууганы Радио, телевизийн дээд сургууль байгуулагдана. Түүнд зураглаач бэлтгэнэ” гэхийг дуулаад Х.Наранжаргал эгчид “Би ажилаасаа гарч, зураглаач боллоо” гээд орох сургуулиа хэлэхэд “Чамайг телевизийн хүн болно гэхэд баяртай л байна. Гэхдээ чи гурван өрөө байр, Land cruicer машинаасаа татгалзана гэдэгтээ итгэлтэй байна уу” гэсэн. Тэр үед Х.Наранжаргал эгч ажилчидаа “Байраа сонгоод ир” гээд явуулдаг байсан л даа. Гэвч би сонирхолоо дагаад телевизийн хүн болсондоо баяртай явдаг. .        

-Сургуулиа төгсөөд л хуучин ажилдаа (МРТХЭГ)-т зураглаачаар ажилласан уу?

-Тийм ч амар байгаагүй. Хонхны баяраа тэмдэглэчихээд телевизийнхээ хаалгаар дөнгөж орж ирээд байтал Д.Жаргал дарга өөдөөс хараад зогсож байв. Намайг дөхөөд очиход “За та нар хэд хоног найрлаж ханав уу. Одоо ажилдаа орно биз дээ” гээд бугуйнаас атгаад операторуудын үүдээр гараад явж байтал “Сахал” Б.Бямбадорж агсан зогсож байв. Харин түүний эхнэр манай сургуулийн ур чадварын багш байсан юм. Тэгсэн дарга “Б.Бямбадоржоо гараад ир. Танайхан чинь зураглаач дутмаг гэсэн байхаа. Энэ нөхрийг боловсон хүчний өрөөнд дагуулж очоод тушаалыг нь гаргуулчих” гэсэн үүрэг өгөв.  

-Тэгээд л үндсэн ажилтан болчихсон уу?

-Тэр үед би яг үнэндээ телевизэд зураглаачаар ажиллана гэж бодоогүй. Жуулчинд явж байхдаа далимд нь элдэв янзын дүрс бичнэ гэсэн л төсөөлөлтэй байв. Гэтэл Б.Бямбадорж агсан намайг дагуулаад боловсон хүчин С.Маналжав гуайн өрөө рүү дагуулаад орлоо. С.Маналжав гуай “Миний хүү сургуулиа төгсчихсөн үү, баяр хүргэе. Ажилд орох гэж байгаа бол ямар ч байсан зургаан сар цалингүй дагалдан хийнэ дээ” гээд түр үнэмлэх өгөв. Ингээд би зураглаач нарын өрөөнд ороод сууж байтал Х.Нарангэрэл ах ороод ирэв. Хөгжмийн зохиолч “хөөрхөн” Х.Нарангэрэл гэхээр хүмүүс андахгүй л дээ. Тэрбээр “Засгийн газрын ордноос яг одоо сурвалжлага хийх хэрэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо хуралдана гэнэ” гээд нэлээн сандруу байдалтай гүйж ирэв. Тэгсэн Б.Бямбадорж агсан “Зураглаач байхгүй. Энэ хүүхэд сургуулиа дөнгөж төгсөөд өнөөдөр л ирж байгаа нь энэ. Камер барьж үзсэн ч юм уу, хэн мэдлээ” гээд хэсэг маргалдав. Тэр үед Д.Жаргал дарга орж ирж таараад “Та нарыг зураглаачгүй гэхээр чинь зураглаачтай болголоо. Танай эхнэр наад хүүхдэд чинь юм заасан л байлгүй. Сурсан, сураагүйг нь одоо шалгачихъя. Х.Нарангэрэлтэй явуул” гэдэг байгаа. Тэр үгийг сонссон би Төрийн ордноос сурвалжлага бэлтгэнэ гэдгийг бодохоор эмээсэн гэж жигтэйхэн.

-Тэгээд түр үнэмлэхтэйгээр Төрийн ордон руу нэвтрэхээр болж байгаа хэрэг үү?

-Би болдог юм байх гэж бодоод Х.Нарангэрэл ахыг дагаад үүд рүү явж байхдаа түүнд үнэмлэхээ хэлтэл даргын өрөө рүү буцан ирж “Энэ хүүхэд чинь ажлын үнэмлэхгүй юм байна шүү дээ. Ордон руу оруулахгүй баларна” гэсэн чинь дарга “Тэгвэл үнэмлэхийг нь гаргуулчих” гэсэн үүрэг өгсний дагуу буцаад Боловсон хүчний өрөө рүү орж, улаан үнэмлэхээ гардсанаар зургаан сарын дараа үндсэн ажилтан болох байсан би 30 минутын дараа болчихсон. Ингээд бид хоёр сурвалжилганы машин чөлөөгүй байсан болохоор даргын жийпээр явж байлаа. Ажлын эхний өдөр сайхан л эхэлсэн.

-Тэгвэл анхны нэвтрүүлэг хаанаас эхлэв?

-2000 онд Архангай аймгийн Ихтамир суманд болсон анхны даншиг наадмаар. Монгол Улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны цуутай ах дүү хоёр шарга үрээ ид хурдалж эхэлж байсан үе л дээ. Ганцхан камертай байсан болохоор морь, бөх, сур, шагай, авто раллиг багтааж авах гэж их гүйсэн. Тэгэхдээ л би телевизийн ажил ямар их хурд, авхаалж самбаа, хөдөлмөр шаарддагийг ойлгосон.

-Хамгийн хүнд нөхцөлд зураг авч байсан үе гэвэл хэзээнийхийг хэлэх вэ?

-Багийн ажил болохоор хэцүү байсан ч тоодоггүй юм аа. Гэхдээ говийн наранд удаан хугацаагаар зураг авах ч чанга шүү. Нэг зүйл санаанд орж байна. 2004 оны зуднаар би Архангай аймаг руу сурвалжилганд явсан юм. Биднийг малчны хотонд очиход хонь, ямаа бие биенийхээ ноосыг амьдаар нь зулгааж идээд зогсч байхыг харах үнэхээр аймар байсан. Сурвалжилганаас ирсний дараа манай телевиз тэр зураглалыг Японд болсон байгалийн хүнд нөхцөлд авсан сурвалжлагын уралдаанд оролцуулахаар явуулж, би гран-приг нь хүртэж байлаа. Тэр уралдаанд Азийн орны 100 гаруй телевизийн зураглаач оролцсон юм билээ. Би анх ажилд орохдоо жинхэнэ сор болсон зураглаачидтай хамт ажиллаж байсан болохоор тэднээс чадахаараа суралцсан. Тэр их эрдмийн далайгаас ёстой л нэг хэмжээгээрээ “хутгаж” авсан. Намайг улаан нойл байхад тэд харамгүй юм зааж, зурганд явуулж байсны гавьяа тэр бүхнээс илт харагдаж байна.

-Та 20 гаруй жил ажиллахдаа хэдэн камер хэрэглэсэн бэ?

-Хамгийн анх “ТЖК”. Дараа нь “Vetkam”, “HAI-8”, “198”, “150”, “190”, “PD-5”, “PD-7”, “Sony-375”. Харин одоо HD пормат руу ороод Panasonic камерууд барьж байна.

-Эдгээр камерийг хэрхэн ашиглах нь заавартайгаа ирдэг юм уу. Эсвэл та нар хэрэглэх явцдаа суралцдаг уу?

-Зарчмын хувьд бүгд хоорондоо адилхан. Тэгэхээр нэг их төвөгтэй биш. Үнийн хувьд манай телевизэд ашиглагдаж байгаа нь 20-40 сая төгрөгийнх.  

-Жүжигчид хэчнээн олон кино, жүжигт тоглосон ч “Одоо би тийм л дүр бүтээх юмсан” гэж шунадаг. Түүн шиг та одоо ямар дүрс хальсандаа буулгахыг хүсч байна вэ?

-Бодолд маань их л юм байна. Гэхдээ яг одоо хэлэхэд Монгол орныхоо байгалийг дөрвөн улирал дамнуулж авахыг хүсч байна. Миний сонирхол байгалийн зураг буулгах. Фото зураг ч мөн адил авдаг. Миний багын хобби гэрэл зураг авах, бичлэг хийх. Тэр л намайг автын инженерээс зураглаач болоход нөлөөлсөн. Дашрамд би энэ сайхан хамт олноороо үргэлж бахархдаг. Мөн эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист оршин суугаа ард түмнийхээ аж амьдралыг хальсандаа буулгаж байдагтаа баяртай явдаг. Иймд ажлынхаа хамт олонд түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхний минь ажил хөдөлмөр улам өөдөө байх болтугай.

-Ярилцсанд баярлалаа.

 

 





Нийтэлсэн: MҮОНТ 50 жил

Д.Ванчинцогзол: Ахмад зураглаачдынхаа чадвараас би ёстой л даах хэмжээгээрээ “хутгаж” авсан  
Үзсэн: 2668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.180.218.xxx] 2017-08-25 21:11
mundag shuu
Зочин [182.160.38.xxx] 2017-08-24 00:00
анддаа амжилт хүсье
Зочин [103.10.22.xxx] 2017-08-23 10:42
egel iim amidaral yamar saihan geech..uuriin zorilgotoi..
Зочин [202.9.40.xxx] 2017-08-22 23:41
Eostoi medehchguim bn.toroij tovoihu
Зочин [202.70.34.xxx] 2017-08-23 12:47
Битгий атаарх... наадах чинь хөгийн зан
Зочин [49.0.147.xxx] 2017-08-22 16:35
нэг насны амьдралаа телевизэд зориулсан хүн дээ. түүний бүтээсэн олон сайхан нэвтрүүлгийг үзэгч олон байнга үздэг.амжилт

Бидэнтэй нэгдээрэй