Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.13/ Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Ж.Золжаргал, Г.Очирбат, С.Цэнгүүн нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.” гэж, Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” гэж тус тус заасан. Ийнхүү төрийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилгоор Үндсэн хуульд засаг захиргааны нэгжийг тодорхой, хатуу байдлаар тогтоосон байдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцолжээ.
Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад ““нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тодорхойлоод мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Хороо нь иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх, нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий анхан шатны нэгж мөн.”, 11.2 дахь хэсэгт “Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна. Хэсгийн хуваарийг хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж заасан байна.
Уг хуулийн хороо нь цаашаа "хэсэгт" хуваагдана гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “нийслэл - дүүрэг - хороо” гэсэн гурван шатлалыг дөрөв болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” гэсэнтэй зөрчилдөж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Уг хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “хорооны хэсэг”-тэй холбоотой 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1.20 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцох, 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар тусгасан. Төслийн 3 дугаар зүйлд хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хугацааг тусгажээ.
Хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.
| Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.