Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.
Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди болон Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Мурали КБВС нарын зүгээс Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явц дуусах шатандаа орж байгааг яриандаа дурдаад тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг хүсэв.
Сайд Г.Дамдиннямын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахад Засгийн газар, УИХ-аас холбогдох шийдвэрийг яаралтай гаргуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн билээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Монгол Улсад хэрэгжиж буй анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь стратегийн өндөр ач холбогдолтой болохыг яриандаа дурдав.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь гадаадаас газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах зорилготой бөгөөд эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд маш чухал болохыг уулзалтын үеэр онцлов гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
| Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.