Шууд Chart

"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" эхэллээ

2026-05-15 17:13:27

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг хуульд заасан хугацаанд улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг ЗГХА – Соёл, урлагийн газраас нийслэл, 21 аймгийн соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлснээр нийслэл, орон нутагт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” өнөөдрөөс эхэлж байна.

Ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, ном унших соёлыг бүх насны иргэдэд төлөвшүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17) монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн санал санаачилгыг өрнүүлж, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Илүү их уншъя-Эх дэлхийгээ хайрлая” уриатайгаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатайгаар 2026 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус баярын үйл ажиллагааг Нийслэлийн Соёл, урлагийн газар, 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас нийслэл, орон нутгийн соёл, боловсролын төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор иргэд, олон нийтэд чиглэсэн соёл, урлаг, боловсролын олон талт хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ээр жил бүр давхардсан тоогоор 370 гаруй арга хэмжээг зохион байгуулж нийт 110 мянга гаруй иргэд хамрагддаг бөгөөд бүх нийтийн уншлагыг дэмжих, соёлын баримтат өв санг арвижуулах, үндэсний бичиг, өв соёлыг хүүхэд залуучууд, ард иргэдэд таниулан сурталчлах, ном хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, нийгмийг соён гэгээрүүлэх үндэсний хэмжээний уламжлалт баяр болон өргөжин тэлж байна.

Тус баярыг нийслэлд Д.Сүхбаатарын талбайд 2026 оны тавдугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран уламжлал ёсоор 39 дэх удаагийн “Номын баяр”-ыг зохион байгуулах бол 21 аймагт тавдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд аймаг, сумдын төв талбайдаа нэгдсэн байдлаар зохион байгуулна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ. 


"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" эхэллээ  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй