АНУ зарим улс, орны аж ахуйн нэгж, компаниудыг үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх үндэсний хууль тогтоомжийг нь зөрчсөн гэж үзэн хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний хар жагсаалтад ОХУ, Иран, Умард Солонгос, Турк, Саудын Араб зэрэг орны байгууллагууд багтсан байна. Хориг арга хэмжээний хүчинтэй хугацаа 2 жил байх аж.
Оросын Гатчин дахь зенит пуужинт цэргийн сургалтын төв, Курск дахь батлан хамгаалах яамны 18 дугаар төв судалгааны шинжилгээний хүрээлэн, Тула хот дахь зохион бүтээгчдийн товчоо, Гвардийн зенит пуужингийн 183 дугаар хороо, "БАРЛ" шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн концернийг энэ удаад хар жагсаалтад оруулжээ.
Вашингтон энэ мэтчилэн нийт 28 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ аваад байна. Америкийн засгийн газар эдгээр байгууллагыг Иран, Сири, Умард Солонгост далавчит болон баллистик пуужингууд бүтээхэд их бага хэмжээгээр тусалж байсан гэж үзэж байгаа юм. АНУ-ын яам, тамгын газрынхан хориг арга хэмжээний жагсаалтад багтсан эдгээр байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулж, тусламж дэмжлэг үзүүлэх, зэвсэг наймаалах нь хориотой болж байна.
| АНУ зарим улсын компаниудын эсрэг шинээр хориг арга хэмжээ авлаа | ||
| Үзсэн: 1298 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.