“Монголын үндэсний спортын зуны VIII наадам”-ын нээлтийн ажиллагааны үеэр орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын автопаркийг шинэчлэх хүрээнд найман аймагт шинэ микро автобус гардуулан өглөө.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын “Nissan” компанийн үйлдвэрлэсэн 16 хүний суудалтай “Nissan Caravan NV350” загварын микро автобусны түлхүүрийг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагуудад гардууллаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн гурван дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагад дунд оврын автобусыг үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн автомашиныг ийнхүү найман аймагт хуваарилан олгож байна.
Сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд, залуус багаараа тэмцээн, наадамд оролцох нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор тамирчдын аюулгүй, найдвартай тээвэрлэлт, хүүхэд хамгааллын шаардлагыг хангах асуудал улам чухлаар тавигдах болсон.
Орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын автопаркийг шинэчилснээр тамирчдыг бэлтгэл сургуулилалт, дотоод, гадаадын тэмцээн, наадамд аюулгүй, тав тухтай зорчуулах, оролцооны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн спортын хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам төслийн дараагийн шатны автомашинуудыг бусад аймаг, дүүрэгт 2026 оны 8-р сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
| Орон нутгийн Биеийн тамир, спортын газруудад шинэ микро автобус өглөө | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.