Шууд Chart

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

2026-07-31 12:43:12

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой энэ онд тохиож буйг тодотгоод НҮБ нь Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг онцоллоо. Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” баримт бичгийн хэрэгжилт үр дүнтэй байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн шинэчлэл, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчны шинэчлэл, стандартчилал, хэмжил зүй болон гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж, эдгээр салбарт НҮБ-ын төрөлжсөн байгууллага, олон улсын шинжээчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа тодотгов. Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцуулав.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, тэр дундаа бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг дэмжиж, эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллахаа илэрхийллээ. НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх дараагийн таван жилийн “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-г бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах бөгөөд бүс, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар, бизнес эрхлэгчдийн оролцоог хангаж, нэгдсэн ойлголтод хүрэх арга хэмжээг зохион байгуулна гэлээ. 

Талууд Монгол Улсын тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах, хууль, эрх зүйн шинэчлэл, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллахаар санал солилцлоо.  


Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй