Шууд Chart

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо

2026-07-31 10:57:14

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ.

Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Хаант Улсын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Намянжү хот, Япон Улсын Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцож, Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцлаа.

Хаалтын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан оролцож, оролцогчдод хандан үг хэлэв. Тэрбээр “Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсон. Долоо хоногийн хугацаанд таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцаж, уламжлал, орчин үеийн хөгжил дэвшлийг өөрийн нүдээр үзэж, шинэ найз нөхөдтэй болсон нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй үр дүн юм” хэмээн онцоллоо.

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхээс гадна Монгол Улсыг олон улсад сурталчлах, Улаанбаатар хот болон Бангкок, Хөх хот, Эрхүү хот, Намянжү хот, Мияконожо хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.


“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй