Шууд Chart

Испанийн Сеута хотод цагаачлалын нөхцөл байдал хүндэрчээ

2026-07-31 10:13:14

Мароккотой хил залгаа Испанийн Сеута хотод сүүлийн 10 хоногийн хугацаанд 1500-2000 хүн хууль бусаар нэвтэрсэн гэж орон нутгийн захиргаа мэдээллээ. Пүрэв гарагт дахин хэдэн зуун хүн хил давсны дараа Сеутагийн тэргүүн Хесус Вивас нөхцөл байдлыг хүмүүнлэгийн болон нийгмийн онцгой хямрал хэмээн мэдэгдэж, хилийн хяналтыг сэргээхэд цэрэг илгээхийг Испанийн төв Засгийн газраас хүсжээ.

Испанийн Дотоод хэргийн яам цагаачлалын нөхцөл байдал нь улсын хэмжээнд онц байдал зарлах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн ч нэмэлт хүч, нөөц илгээхээ мэдэгдсэн байна. Улмаар хилийн хамгаалалтыг бэхжүүлэхээр зэвсэгт хүчний 60 алба хаагчийг Сеутад илгээхээр болжээ.

Цагаачдын олонх нь Мароккогийн эргээс хийлдэг хэрэгслээр далайгаар хүрч ирсэн бол зарим нь хилийн хашаа даван нэвтэрсэн байна. Цагаачдын эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр Мароккогийн Фнидек хотод Сеута руу нэвтрэхээр зорьсон хүмүүс цугларсаар байгаа бөгөөд нөхцөл байдал бүрэн хяналтад ороогүй аж.

Сеута болон Мелилья нь Хойд Африкт орших Испанийн өөртөө засах хотууд бөгөөд Европын Холбооны Африк тивтэй залгадаг цорын ганц хуурай газрын хил юм. Энэ сарын эхээр Испанийн Дээд шүүх Сеута, Мелилья руу далайгаар хүрэхийг оролдож яваад саатуулагдсан хүмүүсийг Марокко руу шууд буцаах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Испанийн Дотоод хэргийн яам хүний наймааны сүлжээнүүд уг шийдвэрийг ашиглан хууль бус цагаачлалыг өдөөж байна гэж мэдэгдсэн байна.


Испанийн Сеута хотод цагаачлалын нөхцөл байдал хүндэрчээ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй