Дуусдаггүй хэлэлцээр
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатарт зарлан хуралдуулсан. Үүгээр анхны хөрөнгө оруулалтыг нягтлах зэрэг манай талаас тавьсан зургаан асуудал, далд уурхайн санхүүжилт зэрэг нөгөө талаас тавьсан хоёр асуудлыг тус тус хэлэлцсэн юм. Гэвч, хоёр тал тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас хувь нийлүүлэгчдийн хурлыг түр завсарлуулж, хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин хуралдуулсан.
Гэвч үүгээр хоёр тал дахиад л нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм. Ингээд Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн монголын талын шинэ гишүүд болох Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар өнгөрсөн есдүгээр сард Лондонг зорьж, тэнд “Туркойз хилл” компанийн 51 хувийг эзэмшигч “Рио Тинто”-той хэлэлцээр дахин хэлэлцээр хийсэн. Ингэхдээ өмнө хэлэлцэж байсан асуудлаа нэмэгдүүлж 30 асуудал хэлэлцсэн ч, үүнийхээ тал хувийг л шийдвэрлээд ирсэн юм.
Үлдэх асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцсэн ч, өнөөг хэр нь анхны хөрөнгө оруулалтыг нягтлах, далд уурхайн санхүүжилтыг шийдвэрлэх зэрэг голлох зургаан асуудлыг шийдвэрлээгүй байна. Оны эхэнд оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг эхлүүлсэн ч, ирэх онд дахиад үргэлжлүүлэх нь. Дуусдаггүй хэлэлцээр гэдэг энэ болж байна. Үүнээс болж, мөн бусад сонирхлын зөрчлөөс болж “хюго даммет”-ын далд уурхайн барилгын ажил зогсоод тав дахь зургаа дахь сараа угтаж байна.
Чалкод шахалт үзүүлж, экспортоо зогсоосон нь
Эрдэнэс-тавантолгой компани цанхийн зүүн хэсгийг гурван жилийн өмнө ашиглалтад оруулж, эхний жил 800-900 мянган тонн нүүрс, өнгөрсөн онд 2.4 сая тонн нүүрс олборлож экспортолсон. Ингэхдээ, тонн нүүрсийг 53-70 доллараар нийлүүлж, Чалкод төлөх 350 сая долларын тал хувийг барагдуулжээ.
Хятадын төрийн өмчийн компанид нүүрсээ зах зээлийн үнээс хямд нийлүүлж, зээлээ барагдуулж байна хэмээгээд шинэчлэлийн Засгийн газар буруушааж, 2011 онд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахаар “Чалко” компанитай хэлэлцээрийн ширээний ард суусан жил байлаа. Гэрээнд өөрчлөлт оруулах хүртэл “Чалко” компанид нэг ч тонн нүүрс нийлүүлэхгүй байхаар болж, энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр “Эрдэнэс-тавантолгой” компани албан ёсоор экспортоо зогсоосон нь оны онцлох үйл явдлын нэг байлаа.
Чалкотой хийсэн хэлэлцээр, Оюутолгойн хэлэлцээртэй нэгэн адил удаан үргэлжилсэн ч, оюутолгойн хэлэлцээрийг бодвол чалкогийн хэлэлцээрийг ондоо багтаан дуусгаж чадсан юм. Өмнөх гэрээгээр нэг тонн нүүрснээс 10 долларын алдагдал хүлээж байсан. Хэлэлцээр хийснээр зүүн цанхийн нүүрсийг алдагдалгүй, бага зэргийг ашигтай болгож чадсан гэж Эрдэнэс-тавантолгой компанийнхан мэдэгдэж байгаа юм. Тиймээс ч, “Эрдэнэс-тавантолгой” компани өнгөрсөн есдүгээр сараас экспортоо сэргээж, Чалкод дахин нүүрс нийлүүлж эхэлсэн. Уг нь энэ ондоо багтаан 3 сая тонн нүүрс тус компанид нийлүүлж, үлдэх өр зээлээс гаргахаар төлөвлөж байсан ч амжсангүй, ирэх онтой золгож байна.
Баруун цанхийг эргэлтэд оруулж, Шинхуаг түншлэгчээ болголоо
Энэ онд тавантолгойн ордын баруун цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулсан жил байлаа. Энд “Монгол – уурхайчин” нэгдэл гэрээгээр нүүрс олборлож байгаа бөгөөд энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлох зорилт тавьжээ. Үүний 1 сая тонныг нь хэдийнээ уурхайн аман дээр борлуулсан бол, үлдэх нүүрсийг ондоо багтаан худалдахаар төлөвлөжээ.
Зүүн цанхийн нүүрсийг хятадын “Чалко” компанид төлөх өрөнд ачуулж байгаа бол, баруун цанхийн нүүрсийг 20-30 хувийн ашигтай худалдаж 100 орчим сая долларын борлуулалтын орлого олсон байна. Эрдэнэс-тавантолгой компани баруун цанхийн нүүрсийг хятадын “Винсвей” зэрэг компанид нийлүүлж байгаа ч, ирэх жилээс “Шинхуа” компанитай түлхүү хамтрахаар болжээ.
Ингэхдээ ирэх жил 6 сая тонн нүүрс нийлүүлэхээр “Шинхуа”-тай яриа хэлэлцээр эхлүүлсэн байна. Нүүрсний борлуулалын орлогын 50 дээш хувийг урьдчилж авахаар тус компанитай ярилцаж байгаа юм. “Эрдэнэс-тавантолгой”-гоос гадна, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд ч ирэх жилээс хятадын Шинхуа компанид нүүрс нийлүүлнэ. Ер нь тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс хятадын Шинхуа компанид нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа юм.
Тиймээс ч тэд экспортоо нэмэгдүүлэх үүднээс, “Эрдэнэс-тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Монголын төмөр зам” компаниуд “Шинхуа” компанитай хамтран “Гашуун сухайт”-ын боомтоос урд хөршийн “Ганцмод”-ны боомт хүртэл хил хооронд 10 киллометр төмөр зам барихаар болжээ. Хятадын “Шинхуа” компанийн төмөр замыг ашиглаж хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна, далайд гарч Япон, Солонгос руу нүүрсээ зарах бололцоо байгаа учраас манайхан энэ компанитай түлхүү хамтрах бодлого барьж байгаа юм.
Монгол- 93
Манай улс газрын тосны үйлдвэртэй болох хүртэл “Петро Чайна Дачин Тамсаг” болон “Доншин газрын тос монгол” компани олборлосон бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байхаар Засгийн газартай тохиролцжээ. Тэр хүрээнд олборлосон бүтээгдэхүүнээ бүгдийг нь экспортолж байгаа гэж ойлгож болно. Энэ оны тухайд дээрх хоёр компани 660 мянган тонн буюу 5 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөсөн.
Ингэхдээ, бүтээгдэхүүнээ сингапурын болон лондонгийн түүхий эдийн биржийн ханшаар худалдаалж байгаа юм. Тухайлбал, Дорнод аймагт орших газрын тосны 19 талбай болох тосон уул, 21 талбай болох тамсагийн сав газраас олборлосон бүтээгдэхүүнийг сингапурын бирж дээрх “дачин -33” төрлийн үнээр худалдаалж байгаа юм.
Харин Дорноговь аймагт орших 97 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайгаас олборлосон газрын тосыг лондонгийн бирж дээрх “брент” төрлийн нефтийн үнээр худалдаалж байна. Ийм үнээр бүтээгдэхүүнээ хятадын “Чайна ойл” компанид оны эхээр нийлүүлж эхэлсэн. Харин тус компани манайхаас авсан тосоо Хөх хотын боловсруулах үйлдвэрт нийлүүлж, тэнд боловсруулж байгаа юм.
Үүнийг манайхан хятадын “Чайна ойл” компаниар дамжуулан буцаан импортолж байна. Өөрөөр хэлбэл, газрын тосоо урд хөрш рүү экспортолж, тэнд нь боловсруулж, эргүүлэн импортолж байна гэсэн үг. Одоогийн байдлаар 60 мянган тонн “монгол-93” шатахууныг урд хөршөөс импортлоод байна. Цаашдаа хилийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлбэл, сардаа 30-40 мянган тонныг импортлох бололцоотой гэж салбарын яамныхан мэдэгдэж байна.
7 ордыг стратегийн ордод нэмж оруулна
УИХ 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуульд стратегийн орд хэмээх цоо шинэ нэр томъёог оруулж өгсөн юм. Ингэхдээ, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний... Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний.... Эсвэл, жилд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулна гэж тусгасан.
Энэ гурван шалгуурыг үндэслэж, УИХ 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 27-р тогтоол гаргаж, 15 ордыг стратегийн ордод хамааруулсан юм. Тухайлбал, “оюутолгой”, “тавантолгой”, “нарийн сухайт”, “багануур”, “шивээ овоо”, “мардай”, “дорнод”, “гурван булаг”, “төмөртэй”, “цагаан суварга”, “эрдэнэт”, “бүрэнхаан”, “бороо”, “төмөртэйн овоо”, “асгат” гэсэн 15 ордыг стратегийн ордод хамааруулсан юм. Үүн дээр нэмж, 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар төлөвлөж байсан юм.
Тэгвэл салбарын яам нь тооцоо судалгаа хийсний үндсэн дээр 7 ордыг стратегийн ордод нэмж оруулах санал гаргасан. Тухайлбал, “Хөшөөт”, “Цайдам нуур”, “Гацуурт”, “Хотгор”, “Мушгиа худаг”, “Лугийн гол”, “Халзан бүргэдэй” зэрэг ордуудыг стратегийн ордод нэмж оруулах саналыг салбарын яам нь гаргаад байгаа юм. Үүний хоёр дээр гадаадынхан 100 хувь хөрөнгө оруулж, үйл ажиллагаа нь явуулдаг байна. Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг “Мон Эн Ко” компани хөшөөтийн ордод хөрөнгө оруулсан бол, Канадын хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг “Центерра” голд” компани гацууртын ордод хөрөнгө оруулсан байдаг юм.
Хадгаламж банк эргэн төрийн мэдэлд ирлээ
Манай арилжааны банкууд дундаас “Хадгаламж” банкийг хамгийн сүүлд хувьчилсан байдаг. Ингэхдээ, 2007 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын “Братскийн ардын банк”, “Чингис хаан банк”, “Монгол даатгал” компанийн хамтарсан консерциумд 23 тэрбум төгрөгөөр хувьчилсан юм. Гэвч тэд 2007 оны арванхоёрдугаар сарын 4-нд “Хадгаламж” банкийг хойд хөршийн “Коалка групп”-эд худалдсан байдаг. Ийнхүү “Хадгаламж” банк хувьчлагдсан цагаасаа оросын хөрөнгө оруулалттай явж ирсэн бол, 2010 оны дөрөвдүгээр сард “Жаст” группийн мэдэлд ирж, монгол хөрөнгө оруулагчтай болсон юм.
Тухайн үед жастынхан “Монгол газар” компанийн “Голомт”, “Хадгаламж”, Анод, “Зоос” банкинд төлөх өрийг барагдуулахаар болж, оронд нь “Монгол газар” компаниас “Олон овоот”-ын төслийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл, Жаст групп “олон овоот”-ын алтны үндсэн ордын үйл ажиллагааг явуулах замаар “Монгол газар” компанийн банкуудад тавьсан өр зээлийг барагдуулахаар болсон юм. Тиймээс ч, олон овоотын төсөлд зориулж охин компаниуддаа их хэмжээний зээлийг “Хадгаламж” банкнаас гаргаж өгчээ.
Гэвч олон овоотын төсөл бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор амласан өр зээлээ барагдуулж чадсангүй, Хадгаламж банкаа ч давхар алдлаа. Муу зээлээс болж Хадгаламж банкны санхүүгийн байдал хүндэрсэн учир Монголбанкны захирлуудын зөвлөл 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банкийг татан буулгаж, Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гаргасан юм. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг, Хадгаламж банкийг халаг тойрсонгүй. Олон овоотын төслөөс болж “Анод”, “Зоос”-ын нэгэн адил Хадгаламж банк хаалгаа барилаа.
20 саяас дээш хадгаламжийг даатгахгүй
Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг УИХ 2008 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцах, хадгаламж эзэмшигчдийг төрөөс хохиролгүй болгож ирсэн юм. Тухайлбал, “Анод” банк татан буугдах үед төвбанк 160 тэрбум төгрөгийн зээл гаргаж байсан бол, “Зоос”-ыг хүндрэх үед засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байлаа.
Цаашид ийм байдлаар явах бололцоогүй учир Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр дуусмагц, араас нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гаргасан юм. Шинэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулж, үйл ажиллагааг энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Ингэхдээ тус байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс, эхлэлтийн хөрөнгө болгож 100 тэрбум төгрөгийг Засгийн газар, төвбанк хамтран гаргаж “Хадгаламжийн даатгалын сан”-д байршуулсан юм.
Арилжааны банкууд иргэд аж ахуйн нэгжийн 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжинд жил бүр 0.5 хувийг шимтгэл төлж “Хадгаламжийн даатгалын сан”-гийн хөрөнгийг бүрдүүлэх юм. Ямарваа нэг банк татан буугдах үед, энэ сангийн хөрөнгөөр 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг буцаан олгох ёстой. Харин үүнээс давсан мөнгийг Хадгаламжийн даатгалын сангаас олгохгүй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл 30 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол, 20 сая төгрөгөө эргүүлэн авч, 10 сая төгрөгөө авах бололцоогүй болох юм.
Хөрөнгө оруулагчид үргэж, доллар уяанаасаа алдуурлаа
2009 оны гуравдугаар сарын 19-ны өдөр буюу хямралын үед төвбанкнаас зарласан америк долларын албан ханш 1590 төгрөгт хүрч, түүхэн дээд цэгтээ хүрч байлаа. Тэгвэл энэ онд америк долларын ханш үүнээс өсч, түүхэн дээд ханшаа эвдсэн жил боллоо. Тухайлбал, төвбанкнаас зарласан америк долларын албан ханш есдүгээр сарын 12-ны өдөр 1722 төгрөг болж өссөн бол, арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 1758 төгрөгт хүрсэн юм.
Экспортоос давсан импортын зөрүүд гадаад худалдаа 2 тэрбум долларын алдагдалтай гарсан бол, нөгөө талд гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар буурсан нь дотоодын зах зээлд долларын ханш өсөх гол шалтгаан болсон гэж судлаачид үзэж байгаа юм.Гадаад хүчин зүйлээс хамаарч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж гадаад худалдаа алдагдал гарч байгаа бол, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь дотоод хүчин зүйлтэй шууд холбоотой.Үүнд 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хууль нөлөөлсөн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн.
Тиймдээ ч, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн энэ хуулийг хүчингүй болгож, оронд нь Хөрөнгө оруулалтын тухай хулийг намрын чуулганаар баталсан юм. Ингэснээр манай улсад хөрөнгө оруулсан хуулийн этгээдэд 5, 8, 10, 15 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ олгохоор болсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрх хугацаанд Аж, ахуйн нэгжийн, Нэмэгдсэн өртөгийн, Гаалийн албан татвар болон Нөөц ашигласны төлбөрийг одоо байгаа хэмжээнд нь тогтворжуулах юм. Ингэснээр монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчид эргэж ирнэ гэж улстөрчид зүгээс хүлээж сууна.
Засгийн газар бондод хорхойссон нь
Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан даруйдаа дэлхийн зах зээлд таван тэрбум долларын бондыг хоёр жилийн хугацаанд үе шаттайгаар гаргаж арилжаалах шийдвэр гаргасан. 2012 оны есдүгээр сарын 15-ны өдөр гаргасан засгийн газрын энэ шийдвэрийг УИХ өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дэмжсэн юм.
Энэ дагуу засгийн газар эхний ээлжинд 1.5 тэрбум долларын өртөгтэй чингис хэмээн нэрийдсэн евро бондыг өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээлд арилжаалсан. Ингэхдээ, таван жилийн хугацаатай 500 сая долларын бондоо жилийн 4.1 хувийн хүүтэй, арван жилийн хугацаатай 1 тэрбум долларын бондоо жилийн 5.1 хувийн хүүтэй арилжсан юм. Ийм өртөгөөр олдсон мөнгийг өдөр хоног алдахгүй, үр ашигтай төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой ч, бондын орлогын тал хувийг зориулалт бүхий төсөл хөтөлбөрт нь зарцуулаагүй байгаа юм.
Гэтэл араас нь залгуулаад японы зах зээлд энэ ондоо багтаан 600 сая долларын өртөг бүхий иений бонд гаргах яриа хэлэлцээрийг ерөнхий сайд Н.Алтанхуяг их наран улсыг зорихдоо хийгээд ирсэн. Самура хэмээн нэрийдсэн энэ бондыг Манай хөгжлийн банк Японы олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар гаргах юм. Эхний ээлжийн 290 сая долларын иений бондын арилжааг өчигдрөөс эхлүүлнэ гэсэн мэдээлэл байсан ч, төвбанкаар дамжин монгол улсад ямар нэг орлого орж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл, 290 сая долларын өртөгтэй иений бонд арилжигдсан эсэх нь тодорхойгүй, үлдэх бондыг ч мөн хэзээ арилжаалах тодорхойгүй байна. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Манай улс өрийн дээд хязгаартаа хүрсэн учраас самура бондыг арилжаалахад саад учирч байж болзошгүй гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж байна.
Том төсөв
2013 оны улсын нэгдсэн төсвийг урьд хожид байгаагүй их хэмжээний орлоготой, бас зарлагатай байхаар баталсан. Тухайлбал, энэ оны төсвийн орлого 7 их наяд төгрөг, зарлага нь 7.4 их наяд төгрөг байхаар баталсан юм. Гэвч том төсвөө манай улс энэ онд бүрдүүлж чадсангүй.
Төлөвлөсөн төсвийн орлого нь 1.5 их наяд төгрөгөөр тасалдах тооцоо гарсан учир, 2013 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн орлогыг 800 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 815 тэрбум төгрөгөөр танасан юм. Мөн наймдугаар сарын 23-ны байдлаар тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоосон юм.
Цаашлаад энэ хүртэл хугацаанд гэрээ байгуулагдаагүй шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төслийг эхлэх хугацааг хойшлуулах. Техникийн нөхцөл бүрдээгүй, дэд бүтцийн болон газрын асуудал шийдвэрлэгдээгүй ажлын явц нь удааширсан барилга, байгууламжийн ажлыг түр зогсоосон юм. Төсөвт тодотгол хйиснээр, эдгээрт зарцуулагдах байсан 425 тэрбум төгрөгийн зарлагыг хэмнэсэн болохыг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Хэдийгээр төсвийн зарлагыг хэмнэсэн ч, хийгдэх ёстой ажлууд хийгдэлгүй, ирэх онтой залгах нь.
1.1 их наяд төгрөгийн өртөгтэй 8 хувийн зээл
Монгол улс түүхэндээ анх удаа найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон жил байлаа. Энэ хөтөлбөрийн эхлэлтийн хөрөнгө болох 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг төвбанкнаас олгосон юм. Үүнийг чингис бондын хөрөнгөөс гаргасан гэж зарим нь хэлдэг бол, мөнгө хэвлэсэн гэцгээх хүмүүс ч байгаа юм. Ямар эх үүсвэрээс гаргасан нь тодорхойгүй ч, төвбанк 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олголоо.
Үүгээр 8 хувийн хүүтэй орон сууцны зээл шинээр олгохоос гадна, иргэдийн өмнө авсан өндөр хүүтэй ипотекийн зээлийг 8 хувь руу шилжүүлсэн юм. Ингэснээр нийт 1.4 их наяд төгрөгийн орон сууцны зээлийн 1.1 их наядтай тэнцэх зээлийг 8 хувь болгожээ. Бага хүүтэй зээл олгоход зориулж гаргасан мөнгийг арилжааны банкууд монголбанкинд эргүүлэн өгөх ёстой. Тиймээс ч, “Хаан”, “Худалдаа хөгжил”, “Голомт”, “Хас”, “Капитал”, “Капитрон”, “Эрэл”, “Улаанбаатар” зэрэг банкууд өмнө олгосон орон сууцны зээлээ багцалж, үүнд тулгуурлаж “МИК-Актив” компани 322 тэрбум төгрөгийн ипотекийн үнэт цаасыг 20 жилийн хугацаатай гаргаж, 90 хувийг нь төвбанкинд өгчээ. Харин 10 хувийг нь арилжааны банкууд авсан байна.
Төвбанк давуу эрхтэй ипотекийн үнэт цаас авсан учир жил бүр 4.5 хувийн хүү, арилжааны банкууд энгийн эрхтэйг авсан учир 10.5 хувийн хүү жил бүр авах юм байна. Давуу эрхтэй нь эхэлж ипотекийн үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийг авах учир ийм төрлийн бондын хүү бага тогтжээ. Харин энгийн эрхтэй нь давуу эрхтэй хуулийн эдгээдийн дараа хүүгээ авхаас гадна, хугацааны эцэст үндсэн төлбөрөө авах учраас хүү нь өндөр тогтсон байна.
Ийнхүү төвбанкнаас олгосон 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийн тодорхой хувийг банкууд орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасаар барагдуулаад байна. Үлдэх мөнгийг ирэх онд багтаан үнэт цаасжуулах юм.
А.Энхтуул
Хурд агентлаг
2013 оны эдийн засгийн онцлох үйл явдал | ||
Үзсэн: 3864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.