Шууд Chart

Улсын баяр наадмын бөхийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн болон түрүүлж үзээгүй аймгийг нэрлэв

2018-07-09 12:06:20

Монголчууд бид эрт дээр үеэс хурдан морь, хүчит бөхчүүд, эрчит нумаараа гайхуулж эрийн гурван наадмаа баясган цэнгүүлж ирсэн арвин баялаг түүхтэй ард түмэн билээ. Эртнээс нааш эрийн гурван наадам тэр дундаа хүчит бөхчүүдээрээ омогшиж жил жилийн наадмын түрүү манлай бөхийг урьдчилан таавар өрнүүлж мэтгэлцэж суудаг сайхан уламжлал бидэнд бий.

Тэгвэл ардын хувьсгалын ууган баяр наадамд Архангай аймгийн харьяат Луу гүний алдарт Галсанхүүгийн Вандан аварга түрүүлснээс хойш ардын хувьсгалын 96 жилийн ой буюу отгон баяр наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж түрүүлсэн түрүүлсэн байдаг.

Энэ удаад бид уншигч таны сонорыг мялаахаар өнгөрсөн 96 жилийн туршид улсын баяр наадамд аль аймгийн хэн гэдэг бөх түрүү магнай болж ус нутаг, уугуул иргэдээ баясган цэнгүүлж, түрүү бөхийн тоогоороо аль аймаг тэргүүлдэг болохыг хүргэж байна.

Түрүүлж үзээгүй байгаа аймгууд

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд одоогийн байдлаар нийт 14 аймгийн бөхчүүд түрүүлсэн байдаг ба түрүүлж хараахан амжаагүй долоон аймаг байдаг аж.

Тодруулбал баруун хязгаар Баян-Өлгий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь гэсэн говийн хоёр аймаг, Монгол орны нутаг дэвсгэрийн харьяанд сүүлд нэмэгдсэн Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг багтдаг юм.

Нэжгээд түрүүтэй аймгууд

Баяр наадамд нэг удаа түрүүлсэн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ гэсэн дөрвөн аймаг байдаг бөгөөд эдгээр аймгуудаас анхлан 1940 оны улсын баяр наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат “Уран мэхт” хэмээн алдаршсан улсын арслан Ш.Ванчинхүү түрүүлсэн байдаг бол, 1949 оны наадамд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат “Нисэхийн” хэмээх П.Аюуш арслан, 1969 оны наадамд Өмнөгөвь аймгийн Манлай сумын харьяат алдарт арслан Г.Дэмүүл, 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр аварга  нар түрүүлж өдгөөг хүртэлх он жилүүдэд өөрийн аймагтаа цорын ганц түрүүг авчирч байсан байна.

Хоёртоо түрүүлсэн аймгууд

Төрийн наадамд хоёр түрүүг хүртсэн Завхан, Дорнод, Говь-Алтай гэсэн гурван аймаг байгаа бөгөөд эдгээр аймгуудаас анхлан 1930 онд Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат “Цэргийн” хэмээх С.Шагж арслан 1933 онд Идэр сумын харьяат “Урт гарт” хэмээх М.Лхагва арслан нар түрүүлж байсан бол Дорнод аймгаас 1936 онд “Хумбаан хар” Т.Балсан арслан 1937 онд “Баргын” Ш.Гилэг арслан нар түрүүлж, Говь-Алтай аймгийн хоёр түрүүг Жаргалан сумын харьяат, дархан аварга Ш.Батсуурь 1947, 1948 онд хүртэж байжээ.

Наймантаа түрүүлсэн аймаг

Улсын баяр наадамд нэг болон хоёронтой түрүүлсэн аймгууд байдаг ч гурваас долоон удаа түрүүлсэн аймаг байдаггүй бөгөөд харин эдгээрийн араас нийт найман түрүүг хүртсэн Өвөрхангай аймаг орж байна. Өвөрхангай аймгаас анхны түрүүг 1928 оны наадамд Сант сумын харьяат олон түмнээ “Мээтэн” хэмээн алдаршсан О.Аюур хүртэж байсан бөгөөд “Их Монгол” Х.Шаравжамц аваргын нутгийн хүчтэнүүд анхны түрүүгээ хүртсэнээс хойш 50 жил дуншиж байж 1978 онд Нарийнтээл сумын харьяат Д.Цэрэнтогтох аварга түрүүлж хоёр дох түрүүгээ 50 жилийн ард хүртэж байжээ. Үүнээс хойш 1980, 1983, 1984 онуудад Д.Цэрэнтогтох аварга ахин гурвантай манлайлж 1985 онд Баян-Өндөр сумын харьяат Б.Ганбаатар арслан, 2006 онд “Их Монгол Улс” байгуулагдсаны 800 жилийн ойгоор Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар, 2008 онд Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ганхуяг арслан нар түрүүлж байсан байдаг.

Есөнтэй түрүүлсэн аймаг

Өвөрхангай аймгаас нэг түрүүг илүү хүртсэн аймаг бол анхдагчдын өлгий Булган аймаг юм. Булган аймгийн хамгийн анхны түрүүг 1931 онд буюу ардын хувьсгалын 10 жилийн ойгоор Бугат сумын харьяат “Хурандаа” хэмээх М.Бэх-Очир арслан хүртэж байжээ. Тэгвэл 1939 оны наадамд тухайн үеийн цэргийн залуу бөх байлдагч Б.Түвдэндорж түрүүлж, үүнээс хойш 1941,1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад Б.Түвдэндорж аварга маань нийт долоо удаа түрүүлж байсан байна. Хамгийн сүүлд 1961 онд ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадамд ойн одтой аварга С.Цэрэн түрүүлснээс хойш өнөөг хүртэл 56 жилийн турш Булган хангай нутгаас төрийн наадмын түрүү бөх тодроогүй байна.

11 түрүүтэй аймаг

Баяр наадмаар арваас дээш удаа түрүүлсэн таван аймаг байдаг бөгөөд эдгээрээс хамгийн бага нь буюу 11 түрүүтэй аймаг бол Хөвсгөл аймаг юм. Хөвсгөлийн хүчтэнүүдээс хамгийн анхны түрүүг Цэцэрлэг сумын харьяат ард олондоо “Босоо” хэмээн алдаршсан С.Шагдар арслан хүртэж байжээ. Үүнээс хойш 1942 онд Түнэл сумын харьяат “Хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан  1951 онд Цагаан-Үүр сумын харьяат алдарт “Уйлган” голын гурван аваргын анхдагч Ж.Цэвээнравдан аварга нар түрүүлж байсан бол 1956-1960 онуудад Цагаан-Үүр сумын харьяат “Уйлган” голын хоёрдох аварга Д.Дамдин анх удаа завсаргүй таван удаа түрүүлж рекорд тогтоож байжээ. Д.Дамдин аваргаас 10 жилийн ард 1970 онд мөн Цагаан-Үүр сумын харьяат “Уйлган” голын гурав дахь аварга уран мэхт Ч.Бээжин түрүүлж байсан бол 37 жил завсарлаж  2007 онд Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар арслан түрүүлж, хамгийн сүүлд өнгөрөгч оны наадамд Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж нар түрүүлж байжээ.

13 түрүүтэй аймаг

Төрийн наадамд арваас дээш удаа түрүүлсэн ердөө хоёрхон бөх байдаг бөгөөд үүний нэг болох 11 удаа түрүүлж өдгөөг хүртэл үнэмлэхүй амжилт үзүүлсэн бөх бол мэдээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Б.Бат-Эрдэнэ билээ. Хэнтий аймгаас анхны түрүүг тэртээ 1925 онд Баянхутаг сумын харьяат улсын аварга ард олноо “Босоо” хэмээн алдаршсан Г.Самдан хүртэж байсан бол  63 жилийн ард 1988 онд цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, үүнээс хойш 1989, 1990. 1992-1999 онуудад нийт 11 удаа түрүүлж, хамгийн сүүлд 2015 онд мөн Өмнөдэлгэр сумын харьяат залуу арслан Э.Оюунболд түрүүлээд байна.

14 түрүүтэй аймаг

Төв аймгийнхан 14 түрүү бөхтэйгөөр эхний гуравт бичигдэж байна. Төв аймгаас хамгийн анхны түрүүг 1932 онд улсын арслан Дэлгэрхааны “Молиго Бүргэд” хэмээх П.Бат-Очир арслан хүртэж байсан байдаг.1935 онд улсын арслан Мөнгөнморьтын Л.Чимэд арслан түрүүлж 20 жилийн ард 1955 онд сугалааны жилийн 256 бөхийн наадамд од аз нь гийсэн тухайн үеийн  залуу бөх С.Оргодол арслан  түрүүлж байжээ. Үүнээс хойш найман жилийн дараа 1963-1967 болон 1974 онуудад Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Ж.Мөнхбат, 1976,1986 онуудад Угтаалцайдам сумын харьяат улсын аварга Д.Хадбаатар, 2000, 2001, 2004 онуудад Сэргэлэн сумын харьяат А.Сүхбат аварга нар түрүүлж байжээ.

15 түрүүтэй аймаг

Алс баруун хязгаарын аймгуудын нэг болох Увс аймгийнхан төрийн наадам 15 түрүүг хүртсэнээр дэд байранд ордог. Ардын хувьсгалын анхны жилийн наадмаас эхлэн алдарт их аварга Х.Баянмөнхийг түрүүлэх хүртэлх үе буюу 1968 оныг хүртэлх хугацаанд Увс аймгийн бөхчүүд нэг ч түрүүг хүртэж амжилгүй явсаар Х.Баянмөнх 1968, 1971-1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онуудад түрүүлж үүнээс хойш 1991 онд Наранбулаг сумын харьяат улсын аварга О.Балжинням, 2010 онд Баруунтурууны Б.Ганбат арслан, 2011 онд мөн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат аварга, 2012 онд Давст сумын улсын цолгүй байсан П.Бүрэнтөгс арслан, 2014 онд Ховд сумын харьяат Н.Батсуурь арслан нар түрүүлжээ.

16 түрүүтэй аймаг

Улсын их баяр наадамд хамгийн олон түрүүлсэн аймаг бол Арын сайхан хангай нутгийнхан бөгөөд нийт 16 түрүүг хүртсэнээр бүх аймгуудыг тэргүүлж байна. Сонирхолтой нь эдгээр 16 түрүүг 11 өөр бөх хүртэж байсан нь мөн л хамгийн олон бөх түрүүлсэн гэдэг амжилтыг давхар эзэмшүүлж байна. Архангай нутгийн хүчтэнүүдээс анхны түрүүг ардын хувьсгалын ууган баяр наадмаар түрүүлсэн Батцэнгэл сумын харьяат Г.Вандан хүртсэн байдаг. Дараа жил нь буюу 1923 онд Ихтамирын Д.Далантай арслан 1926. 1927 онуудад Цахир сумын “Буур” хэмээх даян аварга Н.Жамъян, 1929 онд Өлзийтийн гурван арслангийн ууган нь болох Б.Банзар арслан, 1934 онд мөн Өлзийт сумын Өөлдийн “Улаан хүзүү” хэмээх Х.Дэлэг арслан 1938 онд Жаргалан сумын “Эрээн хавиргат” хэмээх Б.Төрбат арслан, 1943 онд Хайрхан сумын “Аат” хэмээх Д.Лувсанжамц арслан, 1944, 1955 онуудад мөн Хайрхан сумын даян аварга Ц.Чимэд-Очир, 1962 онд Хотонтын Д.Жамц арслан нар түрүүлж үүнээс 40 жилийн ард буюу 2002 онд Батцэнгэл сумын харьяат “Буур” хэмээх Н.Жамъян аваргын зээ хүү Г.Өсөхбаяр 40 жил тасраад байсан түрүүг залгуулж байсан түүхтэй. Г.Өсөхбаяр аварга 2003, 2005, 2009 онуудад ахин түрүүлж дархан аварга цол хүртсэн ба Арын сайхан хангай нутгийн хамгийн сүүлийн түрүүг 2016 онд Хашаат сумын харьяат улсын залуу аварга Ч.Санжаадамба хүртээд байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын баяр наадмын бөхийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн болон түрүүлж үзээгүй аймгийг нэрлэв  
Үзсэн: 3237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй