Шууд Chart

АНУ-ын хоригоос чөлөөлөгдсөн улсууд Иранаас авдаг газрын тосны импортоо зогсоожээ

2019-04-03 15:44:18

АНУ-ын хоригоос чөлөөлөгдсөн улсууд Иранаас авдаг газрын тосны импортоо зогсоожээ. Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайн Хүүкийн хэлснээр Ираны эсрэг АНУ-ын хоригоос чөлөөлөгдсөн найман улсын гурав нь Иранаас авдаг газрын тосны импортоо зогсоосон байна.

Мөн газрын тосны дэлхийн зах зээлийн нөхцөл сайжирсан нь Ираны нефтийн экспортыг цаашид бууруулахад тусална гэж албаны хүн хэлжээ. Гэхдээ тусгай төлөөлөгч Брайн Хүүк импортоо зогсоосон гурван улсын нэрийг зааж хэлээгүй байна.

2018 оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарласны дараа Тегерантай хамтран ажиллаж, газрын тос худалдан авахыг хориглосон. Ингэхдээ найман улсыг энэ хоригоос чөлөөлсөн. Тухайн үед Иранаас бага хэмжээгээр газрын тос импортлох боломжтой улсуудын нэр нийтэд ил биш байсан. Сүүлд Хятад, Энэтхэг, Грек, Итали, Тайван, Япон, Турк, Өмнөд Солонгос гэсэн найман улс АНУ-ын хатуу хоригоос чөлөөлөгдсөн гэж хэвлэлүүд бичиж байгаа юм.

АНУ тавдугаар сарын 2-ноос урьтаж эдгээр улсуудтай зөвшилцөх оролдлого хийж байна гэсэн мэдээлэл байна. Энэ өдөр Вашингтон Тегераны эсрэг хоригоо сэргээсний нэг жил болохоос гадна нэмэлт хориг тавихаар төлөвлөж байгаа тухай Дональд Трампын засаг захиргаанд ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлээд байгаа юм.

Ираны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн хэлснээр хоригоос хойш зах зээлээс Ираны газрын тосны экспорт 1.5 сая баррелаар буурсан байна. “Энэ нь Тегеран газрын тосноос 10 тэрбум долларын орлого олох байсныг болиулж, өдөрт 30 сая долларын алдагдал хүлээлгэсэн” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын хоригоос чөлөөлөгдсөн улсууд Иранаас авдаг газрын тосны импортоо зогсоожээ  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй