2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн БНУ-ын тарваган тахал эсэргүүцэн судлах станцын хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур (Цагааннуур тосгон), Бугат сумдын нутаг дахь хил дамнасан Сийлхэмийн голомтод тарваган тахлын тандалт судалгааг зохион байгууллаа.
Судалгааны хүрээнд голомтот бүсийн хүн амын мэдлэг, хандлага, дадал, эрсдэлийг үнэлж, байгалийн голомтын идэвхжлийг тодорхойлов. Судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илрүүлж, байгалийн голомт өндөр идэвхжилтэй байгааг тогтоолоо.
Мөн орон нутгийн иргэд болон эрүүл мэндийн байгууллага, хилийн цэргийн анги, заставын алба хаагчдад тарваган тахлаас урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл хийсэн бөгөөд судалгааны үр дүнг Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудад танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Энэхүү Монгол, ОХУ-ын дөрвөн байгууллагын хамтарсан тандалт судалгаа нь 2017 оноос хойш тогтмол хэрэгжиж байгаа бөгөөд хил дамнасан байгалийн голомтын эрсдэлийг хамтран үнэлэх, хүн амыг тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Баян-Өлгий аймгийн иргэд болон тухайн бүс нутгаар зорчиж буй аялагч, жуулчдад тарвага агнах, барих, өвчих, түүхий эд эрхтэнтэй нь харьцах зэрэг эрсдэлтэй үйлдлээс татгалзахыг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.

| Сийлхэмийн голомтод 2 улсын хамтарсан тарваган тахлын тандалт судалгаа хийжээ | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.