Шууд Chart

Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа

2026-07-27 15:45:30

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон БНСУ-ын Азийн соёлын төв (ACC) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт энэ оны 7 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотноо зохион байгуулагдлаа. 

Уг арга хэмжээнд ССАЖЗЯ, Үндэсний музей, Үндэсний номын сан болон Соёлын өвийн үндэсний төвийн нийт 15 албан хаагч хамрагдсан юм. Оролцогчид түүхэн өвийг цахимжуулах 2D, 3D технологи, зураг үүсгэгч хиймэл оюун ухаан (AI) ашиглан контент бүтээх практик аргачлалд суралцаж, цахим удирдлагын нэгдсэн портал (GLAM 2.0)-ийн бүтэцтэй танилцан ур чадвараа дээшлүүлэв. 

Үйл ажиллагааны нээлтийн үеэр Азийн соёлын төвийн Гүйцэтгэх захирал Ким Сан Үг БНСУ-ын хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй уг төслийн ач холбогдлыг дурдахын сацуу хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлснээс гадна ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг хүн төрөлхтний өвд бүртгүүлсэнд баяр хүргэж, амжилт хүслээ. ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг хэлсэн үгэндээ "Энэхүү төсөл нь Монголын түүх, соёлын нөөцийн мэдээллийг дэлхий нийтэд хүртээмжтэй хүргэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлов.  

Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "Цахим архивын төв"-ийг манай Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Солонгосын талаас 60 сая воны өртөг бүхий цахим архивын тоног төхөөрөмжийг хандивласан ба ирэх 8 дугаар сард нээхээр төлөвлөж байна. Ингэснээр  манай улсын түүх, соёлын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн баримтжуулж, урт хугацаанд найдвартай хадгалж хамгаалах боломж нэмэгдэх юм.

Үүнтэй зэрэгцэн хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийсэн бөгөөд ирэх 2027 онд манай улсад аялан тоглолтоо толилуулахаар болжээ. 

Түүнчлэн төслийн баг Чоннам үндэсний их сургуулийн дэд ерөнхийлөгч Мёнгю Ли (Myounggyu Lee)-тэй уулзаж, салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах талаар санал солилцлоо.

2025-2028 он хүртэл хэрэгжих тус төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын Чоннамын их сургуулийн баг ажиллаж байгаа ба төсөл нь үндэсний өвийг олон улсад сурталчлах, технологийн дэвшлийг ашиглан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чухал түлхэц болж буйгаараа онцлог юм.


Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй