Израилийн хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчин болон Ликуд намын даргыг сонгох санал хураалт явагдсан байна. Тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Ликуд намын даргын байр сууриа хадгалан үлдэж чадлаа.
Израилийн парламентын бүх нийтийн сонгууль жил хүрэхгүй хугацааны дотор явагдана. Энэ сонгуульд тус улсын хамгийн хүчирхэг улс төрийн хүчин болох Ликудыг ерөнхий сайд Бенжамин Нетаньяху даргалан оролцох нь тодорхой болоод байна. Тус намын даргыг сонгох санал хураалт болж, ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон ерөнхий сайд асан Гидеон Саар нарын хооронд гол өрсөлдөөн явагдлаа. Ликуд намын 116 000 албан ёсны гишүүдийн 49 хувь пүрэв гарагт явагдсан намын лидерийг сонгох санал хураалтад оролцож, Бенжамин Нетаньяху урьдчилсан дүн мэдээгээр ялалт байгуулаад байгаа юм. Мөн түүний өрсөлдөгч Гидеон Саар ялагдлаа хүлээн зөвшөөрч ирэх 3-р сард явагдах сонгуульд Бенжамин Нетаньяхуг дэмжин оролцохоо мэдэгдлээ.
Санал хураалт орон нутгийн цагаар пүрэв гарагийн 23 цагт өндөрлөсний дараагаар, Бенжамин Нетаньяху ялалт байгуулснаа твиттер хуудсандаа зарлажээ. Тэрээр Бурхан болон таны тусламжтайгаар би ирэх сонгуульд Ликуд намыг даргалан оролцохоор боллоо гэж онцлон хэлжээ. Тэрээр авилгал, хээл хахуультай холбоотой хэрэгт нэр холбогдоод байгаа ч ийнхүү ялалт байгуулж чаджээ. Харин ноён Саарын хувьд Ликуд намын бодлого, хөтөлбөрийг эрс өөрчилж, шинэ замаар явна гэдгээ амлаж байсан юм. Пүрэв гарагт Израильд цаг агаар таагүй, хур бороотой байсан учраас Ликуд намын шинэ даргыг сонгох санал хураалтад ирц тааруу байж.
Ерөнхий сайд Нетаньяху иргэдэд бороотой байгааг үл харгалзан саналаа өгөхийг уриалж байсан юм. Өнгөрсөн нэг сарын дотор гурван ч авилгын хэрэгт нэр холбогдсон Бенжамин Нетаньяху бол Израилийн түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдын албыг хашиж байгаа улс төрч юм. Тэрээр огт буруу зүйлийг хийгээгүй гэдгээ мэдэгдэж, улс төрийн зорилгоор буруутгагдаж байгаагаа хэлсэн юм.
| Израилийн Бенжамин Нетаньяху намын даргын байр сууриа хадгалан үлдэж чадлаа | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.