Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны хурал 6 өдөр үргэлжилж, зарим хууль, дүрмийг шинээр танилцуулсан байна. Тус хурлаас Хятадын эрүүл мэндийн салбарын ажилчдын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох хуулийг мөн батлаад байгаа юм. Энэхүү хууль нь Хятадын эрүүл мэнд, халамж үйлчилгээний салбарын олон асуудлыг тусгасан анхны иж бүрэн бичиг баримт гэдгийг онцолжээ.
2020 оны 6-р сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх тус хуулийн дагуу эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг заналхийлэх, мөн тэдний аюулгүй байдал, нэр төрд халдахыг хориглож байна. Эмнэлгийн ажилчдын эрх ашиг ийнхүү хуулиар хамгаалагдаж байгааг онцолжээ. Саяхан тус улсын Иргэний Агаарын Тээврийн Ерөнхий Эмнэлэг дээр болсон хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, нийгмийн сүлжээ сайтуудад ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.
Тодруулбал 2019 оны 12-р сарын 24–нд эмнэлгийн эмчийг үйлчлүүлэгч нь хутгалан гэмтээсэн хэрэг гарсан юм. 95 настай ээжид нь эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг хангалттай үзүүлсэнгүй гэж бухимдсан 55 настай эр ийнхүү эмч Ян Венд халдсан байна. Энэ хэргийг үйлдсэн этгээдийг баривчлан шалгаж байгааг тус улсын хэвлэлүүд дамжуулжээ. Хүзүүндээ хүнд шарх авсан эмч Ян Вэн удалгүй таалал төгссөн байна. Энэ мэтчилэн гэмт халдлагаас эрүүл мэндийн салбарын ажилчдыг хамгаалах зорилго бүхий хууль 7 сар орчмын дараагаас Хятад улсад мөрдөгдөж эхлэх нь ээ. 2018 онд Хятад улсад эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллага дээр 10 орчим халдлага болж, 2 ажилтан амиа алджээ.
| БНХАУ-д эрүүл мэндийн салбарын ажилчдыг хамгаалах хуулийг баталжээ | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.