Шууд Chart

"Тесла" компани БНХАУ-д үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашинаа захиалагчдадаа хүргэж эхэллээ

2019-12-31 10:20:43

АНУ-ын "Тесла" компани БНХАУ-д үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашинаа захиалагчдадаа хүргэж эхэлжээ. Тус компани шинэ бүтээгдэхүүнээ АНУ-д худалдаанд гаргахгүй харин Хятадын зах зээлд л борлуулах юм байна. Дэлхийн цахилгааны автомашины зах зээлд өөрийн гэсэн орон зайг бий болгохоор ажиллаж байгаа АНУ-ын "Тесла" компани БНХАУ-д үйлдвэрлэсэн 15 цахилгаан авто машинаа захиалагчдадаа хүргэсэн байна.

Цоо шинэ загварын төмөр хүлгүүдийг худалдан авагчид Шанхай хотын ойролцоох "Тесла" компанийн "Gigafactory" гэх үйлдвэрийнх нь ажилчид байжээ. "Тесла" компани "Модел 3" гэх шинэ төмөр хүлгүүдээ танилцуулах ёслолын үеэр ажилчид захиалсан автомашинаа мөн хүлээн авчээ.

"Тесла"-гийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Модел 3" машинууд нь 50 000 ам.долларын үнэлгээтэй байгаа юм. Тэрбумтан Элон Маскийн компанийн шинэ автомашинууд нь БНХАУ-ын цахилгаан авто машин үйлдвэрлэгч NIO болон "Xpeng Motors" компанийн төмөр хүлгүүдтэй өрсөлдөх юм.

АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайнаас үүдэн АНУ-ын компаниуд БНХАУ дахь үйлдвэрүүдээ Азийн бусад орон уруу нүүлгэн шилжүүлж байгаа цаг үетэй давхцан "Тесла" компанийн цахилгаан автомашинууд БНХАУ-ын зах зээлд худалдаанд гарч байна.

Калифорни мужид төвтэй "Тесла" компани АНУ-д автомашинаа худалдаанд гаргахгүй юм. Учир нь Бээжин-Вашингтоны хоорондох худалдааны дайнаас үүдэлтэй гаалийн татварын нэмэгдлээс үүдэн БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн АНУ-д илүү өндөр зардлаар борлуулагдахад хүрээд байгаа юм.

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр АНУ-ын бүх компаниудыг БНХАУ-аас үйлдвэрээ нүүлгэн шилжүүлэхийг шаардсан юм. "Тесла" компани Герман улсад томоохон үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаагаа арваннэгдүгээр сард зарласан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Тесла" компани БНХАУ-д үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашинаа захиалагчдадаа хүргэж эхэллээ   
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй