Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

М.Нямбаяр: 2016 он гэхэд гэр хороолол бүхэлдээ дахин төлөвлөлтөд хамрагдана ...

2014-04-29 09:16:03
Error loading player: No playable sources found

Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлт хийх ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сард НИТХ-ын тогтоолоор батлаж эхлүүлсэн. Одоогоор хотын 21 байршилд дахин төлөвлөлтийн ажил өрнөж байна. Дахин төлөвлөлтийн төслийг тойрсон олон асуудал иргэдийн дунд үүсээд байгаа. Тийм ч учраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хаана хэрхэн хийгдэж байна вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг анх өнгөрсөн оны нэгдүгээр сард НИТХ-ын тогтоолоор 12 байршилд эхлүүлсэн. Ингээд  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу таван байршил, иргэдийн санал санаачилгаар долоон байршилд эхлүүлсэн. 2013 оны есдүгээр сард хоёрдугаар ээлжийн найман байршил батлагдаж сонгон шалгаруулалт нь дуусч байна. Энэ оны нэгдүгээр сард дахин нэг байршил батлагдаад одоогийн байдлаар 21 байршил дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна.
-Тодруулбал...?
-Эхний 12 байршлаас 10 дээр нь ажил явагдаж байна. Хүмүүсийн сайн мэддэгээр орон сууцны долоодугаар хороо буюу 100 айл орчимд “Асар-Өргөө”, “Бэрэн”, “Заг” компаниуд шалгарч барилгын ажил эхэлсэн. Ирэх намар хоёр компанийнх нь байр ашиглалтад орж гэр хорооллын оршин суугчдын эхний ээлж байрандаа орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Заг” компанийн  хувьд 2015 онд ашиглалтад өгнө. "Нарантуул" худалдааны төвийн хойд талд “Моннис”, “Бэрэн”, “Бүрд”, “Цагаан хуаран” компаниуд шалгарсан. “Бэрэн” компанийн хувьд төлөвлөгөөгөө батлуулах шатандаа явна. “Моннис” барилгажилтаа эхлэх гээд талбай чөлөөлөлт  90 хувьтай байна. “Бүрд” компанийн бэлтгэл ажил явагдаж байна. Цаашилбал, БЗД-ийн 8, 16 дугаар хороонд “Баганат-Өргөө”, “Гангар” компани өнгөрсөн жил маш идэвхтэй ажиллаж ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад одоо ажлаа эхэлчихсэн. Саяхан НИТХ-ын даргатай шалгалтаар явсан. Бүх барилгын ажил эхэлсэн энэ онд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. БЗД-ийн хоёрдугаар хороо Жанжин клуб орчим “Гранд лайн” компани Туркийн хөрөнгө оруулалтаар барилгаа  эхлэх гээд холбогдох зөвшөөрлүүдээ аваад явж байна. Эхний хоёр байшин нь 2015 онд ашиглалтад орно. СХД-ийн 5, 6, 7 дугаар хороо буюу Ханын материал орчимд төсөл хэрэгжүүлэгч гурван компани байна.  “Хера пропертиз” компани эхний гурван блок барилгынхаа ажлыг эхэлчихсэн. “Жи Ти” компанийн ажил ирэх сард эхэлнэ. “Хала консол” компани хотын захиргааны шинэ барилгыг барихаар газар чөлөөлөлт явагдаж байна. СХД-ийн 10 хороо хуучин арьс ширний үйлдвэрийн ажилчдын орон сууц байсан хэсэг газар иргэд нь хүсэлт гаргасны дагуу дахин төлөвлөлт хийгдээд явж байна. Энд “Назу” компани сонгогдсон энэ жилдээ эхний гурван барилгыг зэрэг эхлүүлнэ гэсэн. Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо 72 дугаар сургууль орчим “Атар-Өргөө”, “Буурал сутай” компаниудын хамтарсан түншлэл эхний дөрвөн барилгын суурийн ажлыг хийж байна. СБД Дамбадаржаа орчим “Цэлмэг Ази” гэж компани шалгараад таван барилгын суурь цутгасан энэ жилдээ ашиглалтад оруулна. Гандангийн хувьд хотын төв, дэд бүсэд хамгийн ойр бүс хамгийн хоцрогдсон гэр хороолол гэж яригддаг. Энд дахин төлөвлөлт зарлагдсан ч иргэд нь өөрсдөө компаниа сонгохгүй гэж буцаасан. Одоо Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Гудамж төсөл дэд бүтэцжүүлж жуулчдад зориулсан чиглэлээр хөгжүүлэх, орчин үеийн шинэлэг дэд бүтэц болоод зам инженерийн байгууламж барьж байгуулах, хуучны хүрээ маягаар тохижуулахаар зураг төслийн ажил хийгдээд явж байна. Радио, телевизийн орчим Хятадын засгийн газрын тусламжаар дэд бүтцийг тавих ёстой ч  газар чөлөөлөлт  муу байгаа учраас ажил  хойшлоод байна. Энэ байршилд  “Эрэл” компани шалгарсан. Хоёр тал гэрээ байгуулах шатандаа явж байна. Мөн  Радио,  телевизээс хойно байрлах цэргийн ангийн дэд бүтэц болоод уурын зуухыг түшиглээд тухайн орчимд 10 га газар дахин төлөвлөлт хийхээр болсон. Гэвч 2013 оноос хойш бүтэн жил зарласан ч компаниуд орохгүй байна. Учир нь энд орон сууц барихад дэд бүтэц муу, байр зарагдахад хэцүү бололтой. Судалгаа хийгдэж байна. Магадгүй энэ газрыг дахин төлөвлөлтөд хамруулахгүйгээр  цуцлах байдал үүсч магадгүй.  
-Амьдарч буй газраа дахин төлөвлөлт хийлгэе гэсэн иргэдийн хүсэлт их үү?
-Ер нь бол байна. Гэхдээ 5-10 айл хүсээд дахин төлөвлөлтөд орох боломжгүй. Тиймээс иргэд гэр хорооллын хөгжлийн газар руу хүсэлтээ байнга явуулж байх хэрэгтэй. Санал  тэнд нэгтгэгдэж нэг газар 100-200 айл хүсэлт ирвэл судалгаа хийгээд  дараагийн дахин төлөвлөлтийн газар болгон зарлаж явах юм.
-Газраа чөлөөлсөн иргэдийн түр орон сууцны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Иргэдийг хүссэн хороололд нь жилийн түрээсийг нь төлж байранд оруулж байна. Мөнгийг барилгын компани гаргана.  Тэд хэдий хугацаанд байшингаа барьж дуусгана тэр болтлоо түрээсийг нь төлнө гэсэн үг.
-Дахин төлөвлөлтийн барилгын чанарын асуудал бас яригддаг?
-Авторын хяналт буюу зураг төсөл зохиосон зургийн компани газар дээр нь очиж хянадаг. Мөн мэргэжлийн хяналтын газраас хянана. Дээрээс нь нэмээд дахин төлөвлөлтийн компаниудад  нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, гэр хорооллын хөгжлийн газар байнгын хяналт тавьдаг. Мөн орон сууцанд орох иргэдийн хяналт байгаа учраас чанарын асуудалд санаа зовохгүй байгаа. Олныг хамарсан төсөл хөтөлбөр учраас ингэж хяналттай ажиллах нь зүйтэй юм.
-Одоогоор хичнээн өрх айл төсөл хөтөлбөрт хамрагдаад байна вэ. Бүгд байртай болох боломжийн тухайд ямар байна?
-21 байршилд 28 га газар барилгажина. Тэнд 13524 айл байгаа. Эдгээр айлуудыг нүүлгээд орон сууцны хороолол босгоно. 13524 айл өрхийн 75 хувь нь орон сууцанд орно гэж ойлгох хэрэгтэй.
-Үнэлгээг хэрхэн тогтоож байна. Газрын байрлалаас шалтгаалах уу?
-Ер нь бол дахин төлөвлөлтийг анх зарлах  иргэд компани хоёрын тохиролцоонд төр оролцохгүй гэдгээ хэлсэн. Энэ нь төслийг унагаах талтай учраас. Тогтсон үнэ зохиогоод өгчихвөл заримд нь ашигтай заримд нь алдагдалтай болж хувирна. Тийм учраас иргэн аж ахуй нэгж хоёрын тохиролцоо л байх юм. Тухайн иргэн гэр бүлийн гишүүдийнхээ өмнөөс компанитай  тохироогоо маш сайн хийх хэрэгтэй. Мэдээж хэрэг дахин төлөвлөлтийн компаниуд хамгийн бага үнийг санал болгоно. Ийм ч шаардлага тавьсан.  Дээрээс нь нийслэлийн орон сууцны корпораци дахин төлөвлөлтийн компаниас орон сууцны худалдан авалт хийнэ.  Ер нь хамгийн хямд байж болох үнээр нь орон сууцны санхүүжилтийн корпораци худалдан авалт хийгээд дахин төлөвлөлтийн компаниудын борлуулалтыг дэмжинэ. Урьдчилгаа 30 хувь өгөх чадваргүй сарын орлогоос орлогогүй иргэдэд зориулсан хөтөлбөр учраас дахин төлөвлөлтийн худалдан авалтыг дэмжих бодлоготой.
-Шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулна гэж байгаа. Энэ ажил хэр явж байна?
-Дахин төлөвлөлт төсөл зөвхөн гэр хороололд хэрэгжих юм биш. Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулахаар ерөнхий төлөвлөгөөний газраас журмыг нь боловсруулаад санал авч байна. Үүнд байршил харгалзахгүйгээр шаардлага хангахгүй орон сууц, барилга хамрагдана. Орон сууцны тухай хуулиар энэ асуудлыг зохицуулах эрхийг нь Нийслэлийн Засаг даргад өгчихсөн. Тэгсэн хэрнээ  зохицуулалт нь байхгүй. Тэгэхээр одоо журам гарах гэж байна. Энэ журмаар нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаад дахиад барилгажуулах ажил явагдана.
-Урт цагааны байшингийн асуудал энд багтах уу?
-Урт цагааны байшин нийслэлийн өмч. Хуучны ашиглалтын шаардлага хангахгүй ийм байшингууд дахин төлөвлөлтөд орохгүй концессийн журмаар барьж шилжүүлнэ.  НИТХ-ын тогтоолоор шийдэгддэг юм.
-Цаашид дахин төлөвлөлт хэрхэн хийгдэх бол?
-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага гэх баримт бичгийг энэ  оны хоёрдугаар сарын 18-ны өдөр УИХ-аар батлуулсан. Ер нь бол гэр хорооллыг гурван бүсэд хувааж байгаа.  Төвийн бүсийн гэр хороолол буюу шугам сүлжээ инженерийн бүтцэд хамгийн ойрхон  газар өндөр болон дунд давхрын хороолол болгоно.  Үүнд одоо баригдаж байгаа эхний 12 байршил хамаарна. Дунд бүсийн гэр хороолол гэдэг нь хэсэгчилсэн дэд бүтэцтэйгээр төвөөс болон өөрийн эх үүсвэрээр шийдэж нам давхар буюу тав хүртэлх давхар байшинтай хороолол болгоно.  Захын алслагдсан хорооллыг амины орон сууцын хороолол болгож инженерийн дэд бүтэц  бүгд тэндээ шийдэгдэх юм. Амины орон сууцны хороолол нь газар шинэчлэл зохион байгуулалтын зарчмаар байгуулагдаж төлөвлөгдөж явдаг. Тэрний нэг загвар жишиг хорооллыг Сонгины 30 дугаар хороон дээр хилийн цэргийн хуучин байшингууд дээр хийж байна. 168 өрхийн 9 га газар хүмүүс хашаагаа татаад машин, явган зам гаргана. Улсаас зам, гэрэлтүүлэг бариад өгчихнө.  Мөн цэвэр, бохир ус халаалтын шугам явах зай гаргаад өгчихөөр улс бусад асуудлыг нь шийдчихнэ. Цаашдаа дахин төлөвлөлт энэ гурван арга замаар л явна.  
-Төлөвлөгөөний тодотголыг иргэд  хэрхэн ойлговол оновчтой юм бэ?
-Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар батлуулж байгаагийн гол шалтгаан нь энэ бодлогын бичиг баримт юм. Улаанбаатар яаж хөгжих ёстой вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг стратегийн том бичиг баримт. Ирэх жилээс  дүүргүүдийн хэсэгчилсэн төлөвлөгөөг нарийвчлан хийнэ. Тэрэн дээр хороо болгоноор тусгана. Энэ мэтээр нарийн задарна. Тэгэхдээ автозамынх, барилга, ногоон байгууламж гээд тус  тусдаа бичиг баримт батлагдлаа гэж ойлгох хэрэгтэй.
-Иргэдийн дунд энэ хэсэг газарт орно гэсэн энд л хашаа  олж авна гэх ойлголт,  шийдвэр түгээмэл байна. Энэ талаар...?
-Улаанбаатар хот боломжтой хэсгүүдээ бүгдийг нь барилгажуулна. Үнэхээр дэд бүтэц шийдэх боломжгүй дундын бүсийн гэр хорооллыг хэсэгчилсэн байдлаар шийднэ. Энд компаниуд ороод тав хүртэлх давхар барьж болно. Захын хороолол ч гэсэн ялгаагүй. 2016 он гэхэд бүх л газраа хамруулах зорилготой байна. Тэгэхээр иргэд маань заавал энд тэнд гэхгүй хаана ч байсан өмчилсөн газартаа амьдраад гол нь газар шинэчлэн зохион байгуулалт болон дахин төлөвлөлтийн ажилтай өөрсдөө нэгдээд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн саналаа байнга гаргаж байх хэрэгтэй. Харилцан уялдаа хүмүүсийн идэвх энд их чухал шүү.  Сонгины 30 дээрх 168 өрх өөрсдөө нэгдмэл зохион байгуулалтад орж ТББ болоод тэрүүгээрээ дамжуулан Барилга хот байгуулалтын яаманд хандаад төсөл хэрэгжиж эхэлсэн.  
-Инженерийн шугам сүлжээний асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? 
-2020 оны тодотгол, 2030 оны чиг хандлага дээр бодлого нь суучихсан байгаа. ТЭЦ 5 барина, IV станцыг өргөтгөнө, цахилгааны том кольцо үүсгэнэ гэх мэт. Энэ болгон хэрэгжээд явна. Ер нь жил ирэх тусам сайжирна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг нийслэл дангаараа хийхгүй  Засгийн газар энэ ажлыг зохион байгуулаад явна.
-Энэ олон айлын хашаа, байшинг буулгана гэдэг маш том ажил. Энэ бүхнийг зохицуулах нэгдсэн горим бий юу?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам гэсэн бодлогын том баримт бичиг байна. Үүнийхээ хүрээнд л ажиллана. Компани гэр хороолол хоёрыг нийслэл холбож өгч байна. Компани болон  иргэдийг хянах  үүрэг хариуцлагыг нь баталгаажуулах үүднээс нийслэл оролцож байна. Хуучин бол энэ асуудлыг иргэд компаниуд өөр өөрийнхөөрөө шийдсэн. Өнөөдрийн Улаанбаатар  хотын хамгийн болохгүй зүйлийн нэг жишээ нь замын цагдаа орчмын гэр хороолол байна. Энэ газрыг төлөвлөж байсан ч барилгажилтыг  хорооллоор нь шийдээгүй учраас айл болгон тус тусдаа хөрөнгө оруулагчтай уулзсан. Ингээд барилгажуулсан. Нэгдсэн төв зам,  гал, эмнэлгийн машин очих зам байхгүй.  Энэ бүхнээс гарах гарц бол 10 орчим га-гаар нь компанид эрхийг нь өгөөд хорооллоор нь төлөвлөж цогцоор нь шийдвэрлэх. Энэ л  зарчмаар явж байна. Компаниуд  айлуудтайгаа тохироо хийнэ. Хашааны банз, байшингаас нь юу ч авахгүй.  Өөрсдөө буулгаад чөлөөлчихнө. Тэгэхээр нь компани очоод газрыг нь тэгшлээд бохир хөрсийг нь ариутгаад ажлаа эхэлнэ.
 
-Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд танайд эргэж хандах нь хэр байдаг вэ. Гомдол, санал хүсэлт гээд?
-Компанитайгаа тохирчихсон хүмүүс бол гомдол гаргахгүй ш тээ. Журам дээр 75 хувиас дээш байх ёстой гэж оруулсан нь тэр.  25 хувь бол мэдээж  эсэргүүцнэ.  Гурван давхар байшинтай эсвэл хамаатнуудтайгаа нийлээд 4-5 давхар нийтийн байр барьчихсан хүмүүс бий. Тэд зөвшөөрөхгүй байх магадлалтай. Гэхдээ энэ хамаагүй. Тэд дулаан цахилгааны компанитайгаа учраа олох хэрэгтэй. Зарим иргэн би өөрөө сууц барина гэж байгаа. Тэр хүнд норм журмын дагуу шаардлага тавина. Үнэхээр өөрийнхөө хашаанд орон сууц барих гэж байгаа бол орчин тойрныхоо 5-6 айлын газрыг чөлөөлөөд машины зогсоол, тоглоомын талбай, ногоон байгууламжийг цогцоор нь шийд. Харин зөвхөн  хашаандаа орон сууц барина гэвэл амины сууцнаас илүү зөвшөөрөл өгөхгүй. Тэр нь гурван давхар байшин юм.
-Ийм хандлагатай иргэд олон байна уу?  
-Харьцангуй цөөн.  Харин байшин барина гээд 2-3 газар авчихсан компаниуд их байна. Дахин төлөвлөлт зарлагдаад барилгын зөвшөөрөл өгөхгүй зогсоочихсон болохоор тэр. Гэхдээ энэ бол их ажлын хажууд өчүүхэн асуудал. Ийм асуудал бол гарна.
-Компаниуд айлын газрыг тохирч авах үзэгдэл бол элбэг. Тэдэнд хандаж хэлэх үг байна уу?
-Дахин төлөвлөлт зарласан газраас газар, хашаа худалдаж авна гэсэн бодолтой бол үнийгээ орхиорой. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компани ерөнхий төлөвлөгөөгөө гаргаад төслөө хэрэгжүүлээд явна. Тэрнээс биш хуучныхаар хоёр хашаа аваад байшин барина гэсэн асуудал байхгүй.  Зөвшөөрөл ч өгөхгүй.
 
-Иргэн бүрт газар өмчлөх асуудал хүлээлт үүсгээд байна...?
-52 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх ажил 50 хувьтай явна. Дэд бүтцийн болоод инженерийн байгууламжийн хүртээмжийн судалгаа хийж анхнаас нь төлөвлөхгүй бол тэнд үүсэх суурьшил эргээд гэр хороолол утааны эх үүсвэр болох магадлал өндөр. Иргэд эдгээр газруудад судалгаа хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Хаана нь сургууль, цэцэрлэг барих вэ,  зам нь хаагуур явах вэ гээд л бүх ажил хийгдэж байна гэсэн үг. Харин үүний дараа хэрхэн яаж өгөх асуудлыг Өмчийн харилцааны газар шийднэ. Нийгмийн дэд бүтэц хүрэлцээтэй байхаар төлөвлөж байна.
-Нийслэл хот маань хүрээгээ хэрхэн тэлэх вэ?
-Нутаг дэвсгэрийн хэмжээнд инженерийн дэд бүтэц болоод автозам дулаан цахилгаанаа дагаад хөгжинө. Авто худалдааны төвийг дагасан суурьшил бий болно. Цаашаа Хүй 7 худаг “Монгол наадам” цогцолбор болно. Тэнд мөн суурьшил үүснэ. Шинэ яармаг хороолол бий болно. Ер нь боломжоороо тэлж хөгжинө.
-Иргэдэд хандаад юуг хэлэх вэ?
-Иргэд дахин төлөвлөлт манай тийшээ хэзээ очих вэ гэж их асуудаг. Тэгэхээр 2016 он хүртэл үе шаттайгаар гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалт гээд бүгдэд нь хүргэж үргэлжилнэ. Тийм учраас яаралгүй тайван өөрсдөө зохион байгуулалтад ороод гэр хорооллын хөгжлийн газартаа хандаад явах хэрэгтэй. Гол нь иргэдийн санал санаачилга зохион байгуулалтын ажил их чухал шүү. Иргэд энэ төсөлд хамрагдах саналаа гэр хороооллын хөгжлийн газарт байнга илгээж байх хэрэгтэй юм. 
-Ярилцсанд баярлалаа. 
Нийтэлсэн: Б.Баярт

М.Нямбаяр: 2016 он гэхэд гэр хороолол бүхэлдээ дахин төлөвлөлтөд хамрагдана ...   
Үзсэн: 8903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-08-05 19:39
Чи муу битгий хуц чамд газраа өгөхгүй. За юу? Миний энэ газар надад миний аминаас үнтэй тэгвэл.
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2014-04-29 13:55
fuckin bullshit

Бидэнтэй нэгдээрэй