Иран улс газар доорх Фордо цөмийн байгууламж дахь уран баяжуулалтаа 20 хувьд хүргэсэн тухай тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ингэж нэмэгдүүлснээр Тегеран цөмийн хөтөлбөрөө цөмийн зэвсэг үйлдвэрлэх түвшин рүү техникийн хувьд нэг алхам урагшлуулж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Ираны эрх баригчид уран баяжуулах хувийг нэмэгдүүлэх гэж байгаагаа олон улсын атомын энергийн агентлагт урьдчилж мэдэгджээ. Үүнээс өмнө Иран улс ураныг 4,5 хувь хүртэл баяжуулж байсан. Энэ нь 2015 онд байгуулсан цөмийн гэрээнд заасан түвшингөөс давсан түвшин. Цөмийн гэрээнд Иран уран баяжуулалтаа 3,67 хувиас хэтрүүлэхгүй байхаар үүрэг хүлээсэн байсан юм. Гэвч уг гэрээний гол оролцогч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Ираны цөмийн гэрээнээс Америкийг дангаар нь гаргаж, Тегераны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэн юм. Америкийн энэ шийдвэрээс үүдэж Иран уран баяжуулалтаа нэмэгдүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан.
Одоо улс орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх алхам руу орох нь гэж болгоомжилж байна. Ираны энэ алхам Трампын засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн Америк, Ираны харилцааны уур амьсгал түгшүүртэй байгаа үед хийгдэж байна. Мөн өнгөрсөн оны сүүлээр Тегераны алдартай цөмийн физикчийг хөнөөхөд Америкийн оролцсон гэж Иран улс үзэж байгаа юм. Иран уран баяжуулалтаа нэмэгдүүлсэн нь 6 жилийн өмнө байгуулсан гэрээг зөрчсөн алхам болно гэж Европын Комисс мэдэгджээ. Иран улсын хувьд цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой гэсэн байр сууриа хадгалсаар байна.
| Иран улс уран баяжуулалтаа 20 хувьд хүргэснээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.