Саудын Араб болон Катар улс сүүлийн гурван жил гаруйн хугацаанд үргэлжилсэн дипломат маргаанаа цэглэж, хилээ нээхээр тохиролцсон байна. Дипломат маргааныг цэглэх гэрээнд удахгүй гарын үсэг зурна гэж АНУ-ын албан тушаалтан мэдээлжээ.
2017 оны 6-р сард Саудын Араб Катар улсаас дипломат харилцаагаа тасалж, тус улсыг терроризмыг дэмжих замаар Ойрх Дорнодын бүс нутгийн тогтвортой байдалд заналхийллээ гэж буруутгах болсон юм. Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Египет зэрэг Булангийн бусад улс орнууд ч Катарт шахалт үзүүлэхийн тулд Саудын Арабын талд зогсож, Катартай худалдааны харилцаагаа таслан, шууд нислэгүүдээ зогсоосон. Булангийн чинээлэг орнуудын нэг Катар нь терроризмыг ямар нэгэн байдлаар дэмждэггүй гэдэг байр сууриа хадгалсаар ирсэн.
Харин бүс нутгийн орнуудын энэхүү зөрчлийг зогсоохоор АНУ болон Кувейтийн засгийн газар талуудын хооронд яриа хэлэлцээ хийхэд зуучлагчийн байр сууриар оролцож байна. Трампын засаг захиргаа Арабын орнуудыг Ираны эсрэг нэгдмэл байр суурьтай болгох сонирхолтой байгаа юм. Кувейтийн гадаад харилцааны сайд Саудын Араб болон Катар улс хоорондын агаарын оройн зай болон хил, далайн боомтуудаа нээхээр тохиролцоонд хүрснийг өчигдөр мэдэгджээ. Мөн Катарын Эмир өнөөдөр Саудын Араб улсад эхлэх Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит дээд хэмжээний уулзалтад оролцохоор болсон тухай тус улсын төрийн хэвлэлд мэдээлсэн байна. Катар, Саудын Арабын дипломат болон худалдааны маргаан, аялал жуулчлалын хориг 3-н жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд Саудын Араб харилцаагаа сэргээх нөхцөл болгож, өөрийн өрсөлдөгчид гэж үздэг Иран, Турк зэрэг орнуудтай харилцаагаа хөндийрүүлэхийг Катараас шаардаж ирсэн. Тухайлбал, Саудын Араб Катарт төвтэй, Арабын улс орнуудад ардчиллыг хөгжүүлэхийг дэмждэг Аль Жазира телевизийн сувгийг хаахыг шаардаж байсан. Гэхдээ одоогоор Катар улс энэ хүсэлтийг хүлээж аваагүй байна.
| Саудын Араб болон Катар хилээ нээхээр тохиролцжээ | ||
| Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.