Шууд Chart

Газрын тос олборлогч орнууд олборлолтоо аажмаар нэмэгдүүлнэ

2021-01-07 11:43:45

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон тус байгууллагын гишүүн бус олборлогч орнууд газрын тосны олборлолтоо аажмаар нэмэгдүүлэхээр тохирсон байна. ОПЕК нэмэх нь ОХУ болон бусад олборлогч орнууд өнгөрсөн хоёр өдөр цахимаар хуралдаж, газрын тосны зах зээлийн сэргэлттэй уялдуулан, газрын тосны олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн байна.

Тохиролцооны дагуу ОХУ болон Казахстан улсууд ирэх 2, 3-р саруудад газрын тосны олборлолтоо нэмэгдүүлнэ. Харин Саудын Араб газрын тосны ханшийг чангаруулахын тулд газрын тосны олборлолтоо цаашид аажмаар бууруулахаар тохирсон байна. Коронавирусний вакцин гарснаар олон улсын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн өөдрөг хүлээлт зах зээлд бий болсонтой холбоотойгоор өнгөрсөн оны 11-р сараас хойш зах зээл дээр газрын тосны ханш чангарч эхэлсэн. Өчигдөр олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тосны ханш 50 америк долларт хүрсэн нь өнгөрсөн оны 2-р сараас хойших хамгийн сайн үзүүлэлт болжээ. Гэхдээ газрын тос олборлож, зах зээлд нийлүүлдэг улс орнууд ирээдүйн эрэлтийн талаар болгоомжлонгуй байр суурьтай хэвээрээ байна.

Өнгөрсөн онд Ковид-19 цар тахлын улмаас улс орнууд хөл хорио тогтоосон нь газрын тосны хэрэглээг бууруулсан. Энэ нь эргээд зах зээлд газрын тосны нийлүүлэлт илүүдэх, эрэлтийг бууруулах шалтгаан болсон нь газрын тосны ханш улам сулрах эрсдэлийг бий болгосон юм. Иймд улс орнууд өнгөрсөн оны 5-р сараас хойш газрын тосны ханшийг чангаруулахын тулд өдөрт олборлох хэмжээгээ бууруулахаас аргагүйд хүрсэн юм. Гэвч нөгөө талд газрын тосноос хамааралтай эдийн засагтай орнууд олборлолтоо их хэмжээгээр бууруулах боломжгүй. Иймд газрын тосны салбараасаа их хэмжээний орлого олдог Саудын Араб зэрэг орнууд олборлолтоо бага ч гэсэн бууруулах замаар зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах бодлого баримталж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газрын тос олборлогч орнууд олборлолтоо аажмаар нэмэгдүүлнэ  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй