Умард Солонгосын эрх баригч хөдөлмөрийн намын таван жилд нэг удаа болдог их хурал өчигдөр эхэлжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун намын их хурлыг нээж үг хэлэхдээ өнгөрсөн онд дууссан эдийн засгаа тэлэх таван жилийн төлөвлөгөө нь бараг бүх салбарт дорвитой хэрэгжээгүйг хүлээн зөвшөөрсөн байна.
Улс орны бодлогыг тодорхойлдог Хөдөлмөрийн намын их хурал хамгийн сүүлд 2016 онд болж байсан юм. Өнгөрсөн таван жилд хэрэгжүүлсэн эдийн засгийн төлөвлөгөө нь бүх салбарт дорвитой үр дүн өгөөгүй ч цар тахлын хүнд нөхцөлийг даван туулахаар чармайж байгаа ард иргэдээ тэрээр сайшаасан байна. Мөн эдийн засгийн хувьд гаднаас хамааралгүй хөгжихийн ач холбогдлыг тэрээр онцолжээ. Эрх баригч нам их хурлын төгсгөлд дахин таван жилийн шинэ төлөвлөгөө зарлах болов уу гэсэн хүлээлттэй байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс Умардын эсрэг тогтоосон олон удаагийн хориг арга хэмжээ болон тус улсын эрх баригчид ковид-19 цар тахлын улмаас хилээ хаасан нь Умард Солонгосын эдийн засаг буурахад хамгийн гол нөлөө үзүүлжээ. Умард Солонгос нь коронавирусний батлагдсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй дэлхийн цөөн улсын нэгд тооцогдож байгаа.
Олон улс Умардын эрх баригч намын энэ удаагийн их хурлаас тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зэрэг стратегийн чухал салбарт ямар чиглэл өгөх бол, засаг захиргаа нь солигдож байгаа АНУ-тай харилцах гадаад бодлогоо хэрхэн тодорхойлох бол гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Намын их хурлаар намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, намын эрх барих бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэх гол чиглэлд багтсан байна.
| БНАСАУ-ын удирдагч эдийн засгийн төлөвлөгөө нь зорилтондоо хүрээгүйг хүлээн зөвшөөрчээ | ||
| Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.