Шууд Chart

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулахыг шаардав

2021-01-09 09:51:30

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намын зарим гишүүн Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулахыг шаардаж байна. Хоёр намын зарим хууль тогтоогч лхагва гарагт Капитол хиллд үймээн өдөөн турхирсных нь төлөө Ерөнхийлөгчид импийчмент олгох эсвэл Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтийн дагуу огцруул гэсэн шаардлага тавьсан байна.

Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо эсрэг зэвсэгт бослого өдөөн турхирсан гэж буруутгаж, Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг огцруулахыг Дэд ерөнхийлөгч Майк Пенсээс шаарджээ.

Хэрвээ Дэд ерөнхийлөгч болон Трампын засаг захиргаа үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс татгалзвал Конгресс Ерөнхийлөгчид импийчмент зарлах нь зүйтэй гэж Нэнси Пелоси мэдэгджээ.

Мөн Бүгд найрамдах намын зарим хууль тогтоогч, мужийн захирагч нар Дональд Трампыг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа буухыг шаардаж байна.

АНУ-ын Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлт нь хэрэв Ерөнхийлөгч сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд Дэд ерөнхийлөгчид Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах эрхийг олгодог заалт юм байна. Гэхдээ Дэд ерөнхийлөгч болон засаг захиргааны наанадаж найман сайд санал нэгдэж байж 25-р заалтыг хэрэгжүүлэх боломжтой. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 20-нд буюу 12 хоногийн дараа дуусах гэж байгаа учраас Дэд ерөнхийлөгч Майк Пенс болон кабинетын сайд нар ийм алхам дэмжихгүй гэж "Нью- Йорк таймс" мэдээлсэн байна.

Хэрвээ Дэд ерөнхийлөгч Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй бол Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Дональд Трамп Ерөнхийлөгчийн эсрэг хоёр дахь импийчмент олгох үйл явцийг эхлүүлэхээр Төлөөлөгчдийн танхимыг хуралдуулахаа мэдэгдсэн. Гэхдээ Ардчилсан намынхан Үндсэн хуулийн импийчмент олгох тухай заалтын дагуу Дональд Трампад хариуцлага хүлээлгэхэд Сенатын танхимын гуравны хоёрын дэмжлэгийг авахын тулд Бүгд найрамдах намынхны дэмжлэгийг авах шаардлагатай болно.

Бүгд найрамдахчууд мэдээж Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаа дуусах дөхсөн үед ийм алхам хийхгүй. Нөгөө талд импийчмент олгох үйл явцыг эхлүүллээ ч шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхөөс өмнө амжихгүй гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулахыг шаардав  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй