АНУ-ын нийгмийн сүлжээний Твиттер компани цаашид хүчирхийлэлд өдөөн турхирах эрсдэлтэй гэсэн үүднээс ерөнхийлөгч Дональд Трампын 88,7 сая дагагчтай хаягийг бүр мөсөн хааж байгаагаа мэдэгджээ. Твиттер компани ерөнхийлөгч Дональд Трампын твиттертээ оруулсан олон нийтийг үймээн, хүчирхийлэлд өдөөн турхирсан агуулгатай мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийсний дүнд түүний хаягийг хаах шийдвэрт хүрлээ гэдгээ зарласан байна.Тус компани лхагва гарагт Капитол хиллд үймээн болох үеэр Трампын хаягийг түр хугацаанд хаасан. Хэрвээ дахиж нийгмийг хагалан бутаргах агуулгатай мэдээлэл оруулбал хаягийг бүр мөсөн хаана гэдгээ анхааруулсан юм. Энэ нь асуудал улс орны үндэсний аюулгүй байдалд аюул учрахаас сэргийлэх эрсдэлийг тооцож буйтай холбоотой.
АНУ-ын ерөнхийлөгч Трамп нь олон нийттэй харилцахдаа твиттер сүлжээг өргөнөөр ашиглаж байсан. Түүний РийлДональдТрамп хаяг 88,7 сая дагагчтай. Энэ 7хоногийн лхагва гарагт Трамп ерөнхийлөгчийг дэмжигчид ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, Капитол Хилл рүү дайрч, үймээн дэгдээсний уршгаар 5 хүний амь нас эрсэдсэн. Гол нь ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй ерөнхийлөгч твиттер хуудсаараа дамжуулан өөрийн дэмжигчдийг Конгрессын ордон руу дайрахыг уриалсан гэж иргэд, улс төрчид, хууль тогтоогчид, нийгмийн сүлжээний байгууллагууд ерөнхийлөгчөө буруутгаж, түүнийг хугацаанаасаа өмнө огцрохыг шаардаж байгаа юм. Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси хэрвээ ерөнхийлөгч Трамп нэн даруй огцрохгүй бол түүнд хариуцлага тооцох импийчмент олгох хуулийн төслийг ирэх даваа гарагт танилцуулна гэдгээ мэдэгджээ.
Мөн гадны улс зарим орны эрх баригчид Трамп ерөнхийлөгчийг ардчилалд хор учруулахуйц үйлдэл гаргалаа гэж шүүмжилж байна. Мөн нийгмийн сүлжээний фейсбүүк компани Конгрессын ордонд болсон үймээний үеэр түүний оруулсан дүрс бичлэгүүдийг устгаж, АНУ-ын ерөнхийлөгчийн хаягийг дүрэм зөрчсөн үндэслэлээр түр хугацаанд хаах арга хэмжээ авсан юм.
| Твиттер компани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 88,7 сая дагагчтай хаягийг бүр мөсөн хаажээ | ||
| Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.