Шууд Chart

Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй

2021-01-10 10:26:22

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 20-нд Вашингтонд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байденд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцад саад учруулахгүй амлаад байна.

Ингэснээр Трамп өмнөх ерөнхийлөгч нарын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдгийн хувиар төрийн эрх мэдлийг эв найрамдалтайгаар шилжүүлэн өгдөг түүхэн уламжлалыг эвдэнэ гэсэн үг юм. 2016онд өмнөх ерөнхийлөгч Барак Обама Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцож байсан.  Америкийн түүхэнд хуучин ерөнхийлөгч нь шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй цөөн тохиолдол байдаг. Тухайлбал Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар дараагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаагүй юм байна. Мөн Ричард Никсон Уотер Гэйтийн хэрэг явдлын улмаас хугацаанаасаа өмнө огцорсон учраас залгамжлагч Жеральд Фордын тангараг өргөх ёслолд оролцоогүй түүх байдаг юм. Энэ сарын 20нд болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп, Жимми Картер нараас бусад Америкийн экс ерөнхийлөгч нар оролцохоор болсон байна. Жимми Картерын хувьд өдгөө 96 настай, эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Ташрамд дурдахад энэ жил ковид-19 цар тахлын улмаас АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ удаагийн ёслолын ажиллагаа өмнөх ёслолуудтай харьцуулахад, өргөн хүрээг хамрахгүй, зочдын тоог хязгаарласан, хураангуй хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй