Индонезийн иргэний агаарын тээврийн Бойнг 737-500 загварын онгоц дотоодын нислэг үйлдэж яваад Ява тэнгист осолдсон байна. Жакартагаас Баруун Калимантан мужийн Понтианак чиглэлд хөөрсөн уг онгоцонд 62 хүн зорчиж явсан байна.

Уг нислэгийн зорчигчид бүгд Индонез улсын иргэд байжээ. Тус улсын эрлийн багийнхан хүний цогцос, онгоцны сэг, хэлтэрхийг Ява тэнгисээс олсон тухай өнөөдөр мэдээлжээ. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо онгоц осолдсон тухай мэдээллийг тээврийн яамнаас авч, Бойнг 737-500 онгоц Ява тэнгист осолдсоныг баталсан байна. Тэрээр ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмнэлэг илэрхийлж, аврах эрэн хайх ажлыг шуурхай явуулахыг үүрэг болгосноо мэдэгджээ.

Индонезийн иргэний агаарын Сривижаяа Эйр компанийн зорчигч тээврийн Бойнг 737-500 загварын онгоц өчигдөр Жакарта хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй нислэгийн хяналтын бүсээс алга болсон тухай мэдээлсэн. Индонезийн үндэсний аврах, эрэн хайх агентлаг болон тэнгисийн цэргийн хүчин онгоцыг эрэн хайх ажлыг нисэх буудлаас хойд зүгт 17 км-ийн зайд далайд эхлүүлсэн байна.

Эрэн хайх ажиллагааны үеэр тус бүсээс хүний цогцос, онгоцны сэг зэм бололтой зүйлс олсон тухайгаа мэдэгджээ. Эрлийн багийнхан хөлгийн багийнхан болон зорчигчдоос амьд үлдсэн хүн байж магадгүй гэсэн үүднээс эрлийг үргэлжлүүлж байгаа юм байна. Бойнг компани Индонезийн иргэний агаарын тээврийн компанитай өчигдөр холбоо барьж, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Осолдсон онгоц нь Бойнг 737-500 загварын, 27 жил дотоодын голдуу нислэг үйлдсэн онгоц юм байна. Өөрөөр хэлбэл энэ загвар нь програмын доголдлоос болж нислэг үйлдэхийг нь хориглож байсан Бойнг 737 Макс загвараас хоёр үеийн өмнөх хуучин загвар юм байна. 2018 онд Бойнг 737 Макс 8 загварын онгоц Индонез улсад осолдож, 189 хүн амь үрэгдэж байсан юм байна.


| Индонезийн иргэний агаарын тээврийн Бойнг 737-500 загварын онгоц Ява тэнгист осолджээ | ||
| Үзсэн: 2929 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.