Шууд Chart

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан ерөнхийлөгч Трампыг огцруулахыг шаардлаа

2021-01-11 10:07:42

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намын зарим гишүүд ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулахыг шаардлаа. Хоёр намын зарим хууль тогтоогч Капитол хиллд үймээн өдөөн турхирсных нь төлөө ерөнхийлөгчид импийчмент олгох эсвэл Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтийн дагуу огцруул гэсэн шаардлага тавилаа.  Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын ерөнхийлөгч улс орныхоо эсрэг бослого үймээн өдөөн турхирсан гэж буруутгаж, Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулахыг Дэд ерөнхийлөгч Майк Пенсээс шаардсан. Тэрээр хэрвээ дэд ерөнхийлөгч болон Трампын засаг захиргаа үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс татгалзвал Конгресс ерөнхийлөгчид импийчмент зарлах ёстой гэсэн байр суурьтай байна. Нэнси Пелоси ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцрохгүй ирэх 7 хоногт түүнд импичмент олгох тухай төслийг Конгресст танилцуулахаа мэдэгдлээ. Хэрэв энэ асуудлыг конгресст оруулж ирвэл Трамп ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа хоёр дахь удаагаа импийчменттэй тулгарна гэсэн үг. Өнгөрсөн онд Сенатын танхим Трамп ерөнхийлөгчийг үндэсний аюулгүй байдал заналхийлсэн, хуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан хоёр үндэслэлээр хариуцлага тооцохыг дэмжээгүй, цагаатгаж байсан.

Харин энэ удаад Бүгд найрамдах намын зарим хууль тогтоогч, мужийн захирагч нар Трамп ерөнхийлөгчийг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа буухыг шаардаж байна. АНУ-ын үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлт нь хэрэв ерөнхийлөгч сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд дэд ерөнхийлөгчид ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах эрхийг олгодог заалт юм байна. Гэхдээ дэд ерөнхийлөгч болон засаг захиргааны наанадаж найман сайд санал нэгдэж байж 25-р заалтыг хэрэгжүүлэх боломжтой. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 20-нд дуусах гэж байгаа учраас дэд ерөнхийлөгч Майк Пенс болон кабинетын сайд нар энэ алхмыг мэдээж дэмжихгүй байна. Трамп ерөнхийлөгчид импийчмент олгох асуудал дэмжигдэхгүй байх хоёр үндэслэл байна. нэг нь Сенатын танхимд хоёр намын суудал тэнцсэн. Импийчмент олоход сенатын танхимын гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй учраас бүгд найрамдахчуудын дэмжлэгийг авч чадахгүй. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 10 хоног үлдсэн учраас импийчмент явуулах үйл явц цаг хугацааны хувьд амжихгүй байх талтай. Трамп ерөнхийлөгчийг дэмжигчдээ үймээнд турхирч, таван хүний амь насыг хохироосон хариуцлагыг хүлээх ёстой гэсэн дотоодын улс төрчдийн эсэргүүцэл, гадны улс орнуудын шүүмжлэл аль аль нь нэмэгдсэн. 

Үүний зэрэгцээ Трампын засаг захиргааны Зам тээврийн сайд, боловсролын сайд, Тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх тэргүүтэй өндөр албан тушаалтнууд Капитол хиллд болсон үймээнтэй холбогдуулан албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. АНУ-ын бизнесийн том компаниуд ч Трамп ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, улс орны амгалан тайван байдлыг хангахыг ерөнхийлөгчөөсөө шаардсан. Мөн Дэлхийн олон орны эрх баригчид Капитол Хиддп болсон үйл явдал Америкийн ардчилалд аюул учир байгааг харууллаа, дэлхийн том гүрний байр сууриар төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг тайван замаар хэрэгжүүлэх ёстой гэж байр сууриа илэрхийллээ. Дотоод, гадаадын эсэргүүцэл, шүүмжлэлийн гол агуулга Трамп ерөнхийлөгчийг их гүрэн удирдаж байгаа хариуцлагатай, эв нэгдлийг эрхэмлэх удирдагчийн хувиар бус хувь хүний эрх ашгийн үүднээс  асуудалд хандаж, Америкийн нийт ард түмний болоод дэлхийн ардчилал эрх чөлөөнд харшлахаар үг үйлдэл гаргалаа гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүргэж байна.  Өнгөрч байгаа 7 хоногт АНУ-ын улс төрд шийдвэрлэх үр дүн үзүүлсэн сонгуулийн санал хураалт болсон. Энэ бол Жоржиа мужид болсон дахин сонгууль.

Энэ сонгуульд Ардчилсан намын хоёр нэр дэвшигч ялалт байгууллаа. Ингэснээр Конгрессын дээд танхим Сенатад ардчилсан болон бүгд найрамдах намын суудлын тоо 50:50 болж тэнцлээ. Гэхдээ хуулиараа удахгүй бүрэн эрхээ эхлүүлэх Камала Харрис дэд ерөнхийлөгчийн хувиар шийдвэрлэх санал өгөх эрхтэй болох юм. Дахин сонгуулийн үр дүнгээр АНУ-ын ардчилсан нам 2009 оноос хойш анх удаа хууль тогтоох байгууллага Конгрессын хоёр танхим Сенат, Төлөөлөлөгчдийн танхимд хоёуланд нь олонх болж, АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл Ардчилсан намд шилжлээ гэж ойлгож болох юм.Одоо бүх эрх мэдэл Ардчилсан намд шилжиж байгаа учраас Байдены томилгоо, хуулийн төсөл ногоон гэрлээр батлагдах боломжтой болж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан ерөнхийлөгч Трампыг огцруулахыг шаардлаа  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй