Шууд Chart

Өвөрхангай аймаг 4,4 сая толгой мал тоолуулжээ

2021-01-14 14:33:25

Өвөрхангай аймаг энэ жил дөрвөн сая 479 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй болж байна. Сүүлийн хоёр жил зуншлага тааруу, өвөлжилт хүндэрсэн учир малчид малаа борлуулсан нь дээрх үзүүлэлтэнд ихээр нөлөөлсөн гэдгийг албаны хүн хэлэв.

Аймгийн хэмжээнд өмнөх жил 5,6 сая толгой мал тоолуулж байсан. Харин энэ жил малчид 1,1 сая толгой малыг зах зээлд борлуулснаар малын тоо буурчээ. Таван төрөлд авч үзэхэд хонь хамгийн их буюу 2,1 сая тоологдсон. Харин сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр сум хамгийн олон мал буюу 315 мянган толгой мал тоолуулсан бол Баруунбаян-Улаан сум хамгийн бага буюу 125 мянган толгой мал тоолуулсан байна.

Тус аймгийн хэмжээнд 17464 малчин өрх, 28333 малчин байгаа гэсэн судалгаа гарчээ. Нийт малчдын нийгмийн үзүүлэлтийг харахад 34,8 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байгаа бол 35 орчим хувь нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байна.

Энэ жилийн мал тооллогын ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дор хатуу хяналттай зохион байгуулсан. Мөн энэ жил отроор явсан малчин өрх олон байгаа учир отрын малчдын мал тооллогын ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй байсан ч бүх малчин өрхөд очиж нүдээр үзэж тоолсныг онцолж байна.

Өвөрхангай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг учир малын тоотой хамтатган малчдынхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг гаргадаг. Энэ жил аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилтот жил болгон зарлаж малчдаа дэмжих ажлууд хийгдэх тул нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг нарийн гаргахад анхааран ажилласан байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангай аймаг 4,4 сая толгой мал тоолуулжээ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй