Шууд Chart

Сэргээгдэх эрчим хүч, боловсон хүчин бэлтгэхэд ХБНГУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

2026-08-25 11:20:32

COP17 хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Бундестагийн гишүүн Иохан Заатхофф тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Хоёр орон эрчим хүчний үр ашиг, хэмнэлт, системийн найдвартай байдал, бодлогын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж буй юм. Тухайлбал, манай улс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол Улсын тогтвортой эрчим хүчний чадавхыг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлсэн. Мөн өдгөө Германы Сэргээн босголтын зээлийн банктай хамтран “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл” хэрэгжүүлж буй бөгөөд дээрх банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Багануур дүүрэг болон Төв, Эрдэнэт, Дархан, Булган, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ зэрэг долоон аймгийн байршилд 110, 220 кВ-ын 30 дэд станцын насжилт хэтэрч, технологийн хувьд хоцрогдсон тоноглол, хяналт-удирдлагын системийг шинэчилж буй. Уг төслийн II үе шатны барилга угсралтын ажлыг 2026 оны III улиралд багтаан дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Мөн “Өргөө 110/10 кВ-ын дэд станц, 110 кВ-ын кабель шугам барих төсөл” хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид сэргээгдэх эрчим хүч, боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа сайд Б.Найдалаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Талууд хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахаа илэрхийллээ гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Сэргээгдэх эрчим хүч, боловсон хүчин бэлтгэхэд ХБНГУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй