"Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт Монгол талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын асуудлыг тус тусад нь бус, нэг бодлого, нэг төлөвлөлт, уялдсан санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, газрын доройтлыг тэглэх зорилт, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний зорилтуудыг газар ашиглалтын төлөвлөлт, мэдээлэл, төсөл, хөрөнгө оруулалтын түвшинд илүү сайн уялдуулах шаардлагатай байна.
Учир нь нэг газар нутагт хийж буй зөв менежмент, нөхөн сэргээлт нь зөвхөн газрын доройтлыг бууруулаад зогсохгүй нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлыг дэмжих, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг олон үр дүнг зэрэг бий болгох боломжтой. Риогийн гурван конвенцын хувьд газар нь ийм нийтлэг суурь болж байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд 2030 он гэхэд 21.3 сая га доройтсон газрыг нөхөн сэргээх зорилт тавьсан. Мөн газрын нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт ойролцоогоор есөн ам.долларын үр өгөөж бий болгох боломжтой гэсэн тооцоо бий.
Тиймээс зөвхөн зорилт дэвшүүлэхээс илүү тэдгээрийг бодит газар нутаг, тодорхой төсөв, хариуцах байгууллага, хэмжигдэхүйц үр дүнтэй төсөл болгон хэрэгжүүлэх нь чухал.
Монгол Улсад хэрэгжиж буй “The Economics of Rio Synergies” санаачилга нь эдгээр зорилтыг хооронд нь уялдуулж, судалгаа, мэдээллийг хөрөнгө оруулалт татах боломжтой бодит төсөл болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Тусдаа зорилтоос уялдсан хэрэгжилт рүү, судалгаанаас хөрөнгө оруулалт руу шилжих нь бидний дараагийн алхам юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| “Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо | ||
| Үзсэн: 55 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.