Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хегийн авилга, албан тушаалаа урвуулан ашигласантай холбоотой хэргийг шүүх ажиллагаа 4 орчим жилийн дараа эцэслэгдэн шийдэгдээд байна. Өмнөд Солонгосын Дээд шүүх түүнд оногдуулаад байсан 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Ер нь 2000 оноос хойш Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан 3 ч эрхэм авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхийн хаалга татаад байна.
2018 болон 2019 онуудад явагдсан шүүх хуралдаанаар экс ерөнхийлөгч Пак Гын Хед нийтдээ 30 жилийн хоригдох ял, 20 тэрбум вонийн торгуулиас гадна 2.7 тэрбум воний өртөг бүхий эд хөрөнгийг хураах шийтгэлийг оногдуулж байсан юм. Харин өнгөрсөн 7-р сард явагдсан давтан шүүх хурлаар Сөүлийн Дээд Шүүх ерөнхийлөгч асанд өмнөх шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж, 20 жилийн хорих ял болгон бууруулснаас гадна 18 тэрбум вонийн торгууль, 3.5 тэрбум вонийн өртөг бүхий эд хөрөнгийг хураах шийдвэрийг гаргасан юм. Үүний дараа зарга мэдүүлэгчид Пак Гын Хегийн ялыг хөнгөрүүлснийг эсэргүүцэж, Өмнөд Солонгосын дээд шүүхэд давж заалдсан юм. Энэхүү эцсийн шатны шүүх хуралдааны шийдвэр /2021.01.14/ гарч, Өмнөд Солонгосын дээд шүүх өмнөх шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаагүй байна. Экс ерөнхийлөгч Пак авилгын хэрэгт холбогдсоны дараахан буюу 2017 онд албан тушаалаасаа буусан юм. 2018 онд түүнийг 18 зүйл ангиар буруутгаснаас 16-д нь буруутай гэж үзэж байж.
Тухайлбал, Пак Гын Хе багийн найз Чойтой хамтран Өмнөд Солонгосын Самсунг, Лотте зэрэг томоохон компаниудад шахалт үзүүлж, хандив авч байсан нь тогтоогдсон юм. Үүнээс гадна төрийн нууц мэдээллийг найздаа дамжуулсан хэрэг ч багтаж байна. Товчхондоо, ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн хэрэгт Өмнөд Солонгосын томоохон компаниуд, тэдний эзэд, засгийн газар, урлагийн салбарын нөлөө бүхий олон арван эрхмүүд нэр холбогдож, зарим нь мөн ял сонссон юм. Ер нь Өмнөд Солонгосын экс удирдагчид авилгалын хэрэгт холбогдож, хоригдож байсан тохиолдлууд цөөнгүй бий. 1990–ээд онд Өмнөд Солонгосын хоёр ч ерөнхийлөгч авилгад холбогдож, хоригдож байсан бол 2000 оноос хойш гурван ерөнхийлөгч асан мөн л шүүхэд дуудагдаж, хоёр нь ийнхүү 15-20 жилийн ялаар шийтгүүлсэн байна.
| Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хед оногдуулсан 20 жил хорих ялыг хэвээр үлдээлээ | ||
| Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.