Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Э.Амаржаргал: Би үндэстэн угсаатны мартагдах дөхсөн биелгээг орчин үеийн стилиэр дэглэж, өөрөө биелж амьдруулдаг

2021-02-17 15:37:54
Error loading player: No playable sources found

UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 1000 гаруй уран бүтээлч оролцсон IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан үхэр жилийн босгонд дүнгээ гаргасан. Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож, ардын бүжгийн төрлийн сениор ангилалд мөнгөн медаль хүртсэн

-Юун түрүүнд UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож, ардын бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Миний хувьд олон улсын тэмцээнээс тав дахь шагналаа авлаа. Өмнө нь олон улсын тэмцээнүүдээс гурван цом, нэг алтан медаль хүртэж байсан.

- Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв. Танай аав, ээжийн талд урлагийн хүмүүс байв уу. Бүжгийн урлагтай хэрхэн холбогдсон бэ?

-Би Говь-Алтай аймагт төрсөн. Аав, ээжийн талд урлагийн хүмүүс байхгүй дээ. Багадаа даруухан хүүхэд байлаа. Багаасаа бүжгээр хичээллэж, 2016 онд Соёл, урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Мөн 2018 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульдаа бүжиг дэглээч, найруулгын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.

2018 оноос хойш Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган агсны нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театртаа бүжигчин, бүжиг дэглээчээр ажиллаж байна. Мөн 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж буй “Amka dance” сургалтын төвдөө багшилдаг. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд болон насанд хүрэгчдийн ангийн элсэгч, суралцагч нартаа бүжгийн урлагийн хичээл заадаг.

-“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жил ихэнхдээ хөл хориотой байж таарсан. Хөл хорио урлаг, соёлын салбарын уран бүтээлчдэд нэлээд сөрөг нөлөө учрууллаа?

-Би бүжгийн сургалтаа цахим хэлбэрт оруулж, онлайнаар хичээлээ орсон. Мөн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо тоглосон “Уулын домог” этно модерн бүжгэн жүжгээ дахин олны хүртээл болгох бэлтгэл ажилдаа орсон. Уул, усны домог түүхийг тайзнаа бүжгийн хэлээр өгүүлэхийг зорьж миний бие энэхүү бүжгэн жүжгийн найруулагч, бүжиг дэглээчээр ажилласан юм. Энэ бүжгэн жүжиг Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нуруу хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин хайрхан болох Ээж хайрханы домгийг өгүүлдэг.

-Ямар домогтой хайрхан бэ?

Одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын савслагаас нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болж. Нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орон даяар тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулдаг байж гэнэ. Тэр нутгийн хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд ноён тус тусдаа бүсгүйг залжээ. Сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ноён хөл алдан угтаж гэнэ. Бурхан буудай ноён тэргүүндээ жаахан буурал байсанд гоо бүсгүй “Уг нь сайхан ноён ажээ. Одоо хөгширч буурал суусан байна” хэмээн голжээ.

Ийн гоо үзэсгэлэнт бүсгүй Бурхан буудай ноёныг орхиод Аж богд ноёныд очжээ. Аж богд дотроо “Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таарна” гэж бодоод Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлүүлээд унтаад өгч гэнэ. Гэтэл гоо бүсгүй “Гэрлэхээ байя. Зөвхөн төрсөн нутагтаа харцынхаа заяагаар, өөрийн дураар амьдаръя” гээд буцаад явчихжээ. Аж богд ноён сэрээд гоо бүсгүй хаачсаныг асуутал албат нар нь буцаад явсан гэжээ. Аж богд бүсгүйг хаа байгаа газраас нь олоод ир хэмээн албат цэргүүддээ тушаав. Гоо бүсгүй буцаж явах замдаа жаахан амрахаар гэдрэгээ харан хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэж байтал хоёр талын хормойг нь хүнд юм дараад байх шиг санагджээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн цэргүүд туламд элс хийж хормой дээр нь шидэж байна гэнэ. Явж чадахгүй боллоо гэдгээ мэдсэн бүсгүй “Уул уултайгаа уулздаггүй, харин хүн хүнтэйгээ учирдаг юм. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ганцаараа хоёр уулын хооронд үүрд үлдэхээс өөр замгүй боллоо” гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирчээ. Ийнхүү Ээж хайрхан уул үүссэн домогтой.

-Өнгөрсөн жил цар тахлаас үүдсэн хөл хориотой байсан хэдий ч таны хувьд олон улсын чанартай хоёр уралдаанд оролцож, алт мөнгөн медаль авчээ. Гадаадын бүжигчидтэй харьцуулбал таны давуу тал юу байв?

-Анх олон улсын тэмцээнд оролцож, гадаадын бүжигчидтэй өрсөлдөхөд их түгшүүртэй мэдрэмж төрдөг байлаа. Сүүлдээ бол дасчихсан. Миний давуу тал гэвэл СУИС-ийн БУС-ийн ахлах багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг багшийн минь дэглэсэн монгол угсаатны бие биелэгээ, язгуур судлал, хадны сүг зураг, дүрслэлээс сэдэвлэсэн өвөрмөц хөдөлгөөнүүд. Багшийн минь дэглэсэн бүжгүүд хадны сүг зураг, эртний монголчуудын малын тамганы хэвээс санаа авч, судалж бүжгээ дэглэдэг гэдгээрээ өвөрмөц онцлогтой.

Мөн би үндэстэн угсаатны мартагдаж эхэлж буй биелгээг орчин үеийн стилийн хэв маяг руу оруулж дэглэдэг, өөрөө биелж амьдруулдаг.

Өнгөрсөн оны долдугаар сарын 19-27-нд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн 17 дугаар тэмцээнд М.Мөнгөнцэцэг багшийнхаа дэглэлт, СУИС-ийн ХУС-ийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим “Нуман туульс” бүтээлээр оролцож тэргүүн байр эзэлсэн.

Мөн өнгөрсөн онд анх удаа олон улсын бүжгийн тэмцээнд цахимаар оролцож үзлээ. Монголын балетын хөгжил сангийн санаачилгаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан өнгөрсөн оны сүүлээр эхэлж хоёр үе шаттай явагдсан. Энэ тэмцээнд мөн  М.Мөнгөнцэцэг багшийнхаа дэглэсэн бүжгээр орж мөнгөн медаль хүртлээ. Багшдаа маш их талархдаг.

Уг Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдааны зохион байгуулалт үнэхээр сайн болсон. Энэ ташрамд, Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг багшдаа болон хамт олонд нь маш их баярлалаа.

-Урлагийн сургууль төгсөж, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүмүүс ихэнхдээ Улаанбаатар хотод суурьшдаг тал ажиглагдаг. Харин та яагаад орон нутгаас ажил, уран бүтээлийн гараагаа эхлэхээр шийдсэн бэ?

-Орон нутгийн хүүхэд багачуудыг бүжгийн урлагаар дамжуулан хөгжүүлэхийг хүссэн. Мөн “Уулын домог” бүжгэн жүжгээ тайзнаа амилуулах зорилго байсан болохоор бүтээлийнхээ судалгааг хийх, урын сандаа олон арван бүтээлтэй болохоор орон нутгийг зорьсон. Орон нутагт ажиллах үнэхээр сайхан шүү.

-Цар тахал намжихыг тэсэн ядан хүлээж байна уу. “Уулын домог” бүжгэн жүжгээ сэргээн тоглохдоо өмнөх тоглолтуудтайгаа харьцуулахад ямар өөрчлөлт, шинэлэг зүйлийг оруулахаар төлөвлөж байгаа вэ?

-Ковид-19 өвчин, цар тахал арилахыг үнэхээр тэсэн ядан хүлээж байна. Гайгүй болохоор нь “Уулын домог” бүжгэн жүжгээ Улаанбаатар хотод дахин тоглохоор төлөвлөж байна. Ерөнхийдөө бүжгүүдээ орчин үеийн стилээр болон этно хэв маягаар дэглэхээр бэлтгэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээл, уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Амаржаргал: Би үндэстэн угсаатны мартагдах дөхсөн биелгээг орчин үеийн стилиэр дэглэж, өөрөө биелж амьдруулдаг  
Үзсэн: 3575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй