Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Хуулийн төслийн гол агуулга нь хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахад чиглэж байгааг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг онцолсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан. Энэ нь нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах эрх зүйн хэм хэмжээг бий болгох онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах ёстойг илэрхийлдэг гэж төсөл санаачлагчид үзжээ.
Парламент хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад зөвхөн хуулиар шилжүүлэх боломжтой бөгөөд тухайн эрхийн агуулга, хүрээ, хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай байдаг. Харин Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль тогтоох практикт нийтээр дагаж мөрдөх шинжтэй эрх зүйн хэм хэмжээг тогтоох эрхийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид шилжүүлэх тохиолдол гарч байжээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын Байнгын хороо, дэд хороодод захиргааны хэм хэмжээний актын шинжтэй шийдвэр гаргах эрх олгосон зарим зохицуулалт өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан байна. Байнгын болон дэд хороо нь Улсын Их Хурлын дотоод бүтцийн нэгж бөгөөд шийдвэр нь шүүх болон Үндсэн хуулийн цэцийн хяналтад хамаардаггүй, мөн баталсан шийдвэрийн нэгдсэн сан, лавлагаа мэдээллээр иргэд, хуулийн этгээдийг хангах зохицуулалт байхгүй гэж үзжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй” гэж заасан байдаг. Гэвч “хуульд өөрөөр заагаагүй бол” гэсэн зохицуулалт нь Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах боломжийг нээж, хууль тогтоох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах Үндсэн хуулийн суурь зарчим алдагдах эрсдэлтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 27¹ дүгээр зүйлд “захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно” гэсэн агуулгатай зохицуулалт нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
| Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн мэдүүллээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.