Шууд Chart

Ч.Мөнхтөр: Цагаан сарын баяр бол монголчууд эрт дээр үеэсээ тэмдэглэж ирсэн төрт ёсны уламжлал

2025-02-26 11:53:19

Удахгүй Монголын уламжлалт Цагаан сарын баяр болно. Цагаан сарын өв уламжлалын талаар ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Нийгэм, соёл, хүн судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, Доктор Ч.Мөнхтөрийг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Хэдхэн хоногийн дараа Монголын уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байна. Цагаан сарын ёс уламжлалын талаар яриагаа эхэлье?

-Цагаан сарын баяр нь монголчуудын эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн төрт ёсны уламжлал юм. Тодорхой сурвалжийн мэдээ ярих юм бол Монголын анхны төрт улс Хүннү гүний үед гурван янзын баярыг тэмдэглэж байсан мэдээ бий. Тухайлбал, жил бүрийн нэгдүгээр сар буюу одоогийнхоор баримжаалбал жилийн Хаврын тэргүүн сар байж болох мөчлөгт Шаньюйгийн өргөөнд бага хуралдайд цугларан тахилга хийж, өргөл барьц өргөн баяр тэмдэглэдэг тухай эртний Хятадын түүхч Сыма Цянь гэдэг хүний бичсэн "Ши зи" буюу "Түүхэн тэмдэглэл" зохиолд гардаг. Энэхүү баяр нь “Цагаан сарын баяр” байх боломжтой юм. Учир нь Хаврын тэргүүн сарын эх гэдэг бол бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын хувьд хахир өвлийн жавар бууж, цаг агаар тогтворжих, эх малын хээл хүндэрч нам дор бэлчээрт, харьцангуй тогтвортой идээшилдэг цаг юм. Мөн түүнчлэн өвөлд бэлтгэсэн хүнс хоолны үүцээ задлах эхэн үе бөгөөд төл хүлээн авах өрнүүн их хөдөлмөрийн өмнөх цухасхан чөлөөний мөч болдог. Иймээс энэ зурвас цагт баяр тэмдэглэх боломжтой ажээ. Аливаа ард түмний уламжлалт баяр ёслол өрнүүн их хөдөлмөрийн дараа болон дараагийн өрнөл эхлэх засварын цаг үед тохиох нь нийтлэг байдаг. Тиймээс Хүннүгийн үеэс эхлэн энэ л цаг мөчлөгт Цагаан сарыг тэмдэглэж ирсэн гэж үзэж болох мэт байна.

Хожуу Их Монгол Улсын үед Чингис хаан тэнгэр, газарт мөргөж, Өэлүн эхдээ золгон ёсолж Цагаан сарыг тэмдэглэж байсан тухай сурвалж бичигт өгүүлдэг. Мөн Хубилай хааны ордонд Цагаан сарыг нижгэр сайхан тэмдэглэж байсан тухай нүдээр үзэж, биеэр оролцсон Марко Пологийн тэмдэглэж үлдээсэн нь бий. Тэрээр ... эзэн хаанаас эхлээд ноёд түшмэд, баатар эрс, харц боол хүртэл цагаан хувцас өмсөж, цагаан бүс харилцан бэлэглэж, эзэнт гүрний харьяанд захирагдаж байсан бүх муж, орнуудаас хаанд бэлэг сэлт, буман цагаан агт, цагаан өнгийн тохош нөмөргөсөн таван мянган заан, олон зуун тэмээ ачаа хөсгийг жагсаан хаанд өргөж байгааг урьд хожид үзээгүй сонин сайхан хэмээн шагшин бичсэн байдаг. Иймээс Цагаан сарын баяр нь эртнээс нааш Монголчуудын төрт ёсны уламжлал байсан нь тодорхой байна.

Монгол хүн бүр тэнгэр хангай, төр ёсондоо хамгийн түрүүнд ёсолж ирсний уламжлал нь Шинийн нэгний өглөө уул, овоонд гарч үйлддэг ёслолд илүү тодорхой хадгалагдаж ирсэн байдаг. Харин сүүлийн үед энэ уламжлалын утга агуулга өөрчлөгдөж хувь хүн хийморио сэргээж, нар харж уухайлах хэлбэрт шилжээд байх шиг байна. Угтаа энэ ёслолыг нутаг нутагт ялгаатай нэрлэж ирсэн боловч агуулга нь нэг ижил төстэй явж ирсэн байдаг. Жишээлбэл, Баруун монголчууд Алтайд хэншүү өргөх, индэрт мөргөх, балинд мөргөх, дээрд мөргөх гэхчлэн, тал хээрийн бүс нутгийнхан цасаар индэр, овоо босгоод түүндээ сангаа уугиулж, сүлдэнд мөргөх, дээр мөргөх гэхчлэн нэрлэн мөргөж байх жишээтэй.

Жилдээ ураг элгэнээрээ уулзах, гэр оронд нь зочлон дайлуулж цайлуулах боломжийг ганцхан Цагаан сар л бидэнд бүрдүүлж өгдөг

-Цагаан сарын баярын ач холбогдол нь?

-Тусгаар тогтносон төрт улсын иргэд, Монгол үндэстэн гэх ижилслийг бататгаж, түүх, өв соёлын дархлаагаа бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Үр хүүхэд хойч үеэ монгол хүн болгон хүмүүжүүлэх хичээл болдог баяр юм. Үүнээс гадна өнөөдрийн нийгэмд хүн бүр ажил төрлийн чөлөө зав муу, замын түгжрэл зэргээс болоод аав, ээж, ах дүү, хамаатан садантайгаа өдөр тутам уулзаж учрах боломж хязгаарлагдмал болсон. Жилдээ ураг элгэнээрээ уулзах, гэр оронд нь зочлон дайлуулж цайлуулах боломжийг ганцхан Цагаан сар л бидэнд бүрдүүлж өгч байна. 

-Цагаан сарын идээ, шүүсний талаар яриагаа үргэлжлүүлье?

-Монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн идээ, шүүс бол дэлхийд нэлээд өвөрмөцөд орох байх. Цагаан сарын баярын хоол хүнсийг ерөнхийд нь идээ, шүүс, ундааны төрөл гэж хувааж болох ч зориулалтаар нь тахилын, өргөлийн, хүндэтгэлийн, амсуургын гэхчлэн ангилж болно. Цагаан сарын шүүсэнд бүтэн хонийг төлөөлүүлэн ууц тавих ёс нийтлэг байдаг. Ууцыг дагуулан гэдэс дотрыг жонгой буюу гургалдай, цээж хэсгийг дал дөрвөн өндөр хавирга, тэргүүн хэсгийг толгойгоор төлөөлүүлэн чанаж тавина. Мөн дал дөрвөн өндөр, хонтой шаант, гургалдай зэргийг тавьсан ч бүхэл шүүсийг төлөөлж болдог. Заавал ууц, өвчүү чана гэх зүйл байхгүй. Тавгийн идээний тухайд төрийн золголт, өндөр настнуудынх харьцангуй олон үе байх жишиг бол дээр үеэс байсан байна. Жишээлбэл, Богд хааны ордонд Цагаан сараар 13 үе идээ зассан байсан тухай мэдээ бий. Энгийн олон бол нэг их олон үе засдаггүй байсныг олон газрын настайчууд батлан хэлдэг. Таваг засах, ул, хайрмал, боорцгийн тухайд нутаг нутгийн онцлог ялгаа ч нэлээдгүй бий. Тухайлбал, Тавгийн идээний орой дээр зарим газар самар тавьж байхад тал хээр, говийн бүсэд цагаан тос, шар тос тавьж байх жишээтэй. Торгуудууд гөрмөл боов, Сүхбаатар аймгийнхан Наран боов, Өмнөговийн зарим газар Бадамдаржаа гэж идээний дээр тавих зориулалттай боов хийдэг гэхчлэн өвөрмөц ялгаанууд байна.

-Битүүлэх ёсны талаар?

-Битүүн бол бүхэл нэг жилийн хугацаа битүүрэн дуусаж байгаа чухал өдөр тул нэлээд олон зан үйл хийдэг. Энэ өдөр битүү хоол идэх, битүү хагалах ёсыг хийнэ. Халхын төв нутгаар үхрийн толгой чанаж махыг нь мөлжиж тавганд хийгээд айл хотлоороо тойруулан иднэ. Үүнийгээ дух гүйлгэх гэдэг бол баруун монголчууд үхрийн чөмөг хутгаар ташин хагалж, тойруулан амсаад битүү хагарлаа гэнэ. Мөн айлын эхнэр, нөхөр 2 хонины толгойг эрүү, тагнайнаас 2 тийш нь татан заагаад битүү хагарлаа хэмээх нь ч бий. 

Битүүнд сар гарахгүй тул чөтгөр шуламс муу зүгээс ирнэ хэмээн зүүн хатавчиндаа бургас, харган хавчуулж, нөгөө хатавч, тотгон дээр Лхам бурханы хул халзан луусыг ундаална гэж 3 ширхэг цас, мөс тавих зэрэг домын зан үйлийг ч хийдэг.

-Битүүний өдөр алаг мэлхий өрж, шагай тоглодог. Зарим нь алаг мэлхийгээ өрж хоноод Шинийн нэгний өглөө тоглодог тохиолдол байдаг. Тоглоом наадгайны тухайд ямар байдаг вэ?

-Цагаан сарын үеэр шагай болон хөлөгт тоглоомуудаар наадах нь элбэг байсан бөгөөд алаг мэлхий өрөх бол нийтлэг юм. Зарим нутагт битүүний орой алаг мэлхий өрж тоглож байхад зарим нутагт ялангуяа Халхын төв хэсгээр битүүний орой алаг мэлхийгээ өрж орхиод Шинийн нэгний өглөө тоглодог. Тэгэхдээ шооны буулт алаг мэлхийний эд эрхтнээр тухайн жилийн ноён нуруу, цаг агаарыг шинждэг уламжлал байсан. Цагаан сараар хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүр утга, бэлгэдэлтэй гэдэг нь эндээс харагддаг.

-Ахмад настай хүнтэй золгохдоо заавал хадаг барих ёстой юу. Нас чацуу хүмүүс хэрхэн золгох ёстой вэ?

-Заавал хадаг барьж золгох ёс байхгүй. Эдийн дээд хадаг гэж эртээс нааш маш онцгой үед л хэрэглэж ирсэн байдаг. Одоо л элбэг болж үнэ цэн нь буурснаас биш хадаг чинь хөвөр эд байсан гэдэг. Тэр болгон хүнд барьж байгаагүй. Лам багш, 90, 100 настан ч юм уу тийм хүмүүстэй золгохдоо барих явдал байжээ.

Нас чацуу хүмүүс харилцан баруун, зүүн гараа сөөлжлөн зөрүүлж золгох нь бий. Гэвч хамаатан садны дунд нагац тал нь ахалдаг. Бүр баруун монголчуудын дунд Гунатай нагацад, Гучтай зээ золгоно гэх үг ч бий. Мөн түүнчлэн нагацын шар нохой нь байсан ч ахална гэхчлэн нагацаа хүндэлдэг ёс нийтлэг байна. Үе тэнгийн хамаатан биш нутаг усныхан таараад золгохдоо бүсээ тайлж урт богиныг нь үзээд урт бүстэй нь гараа дээр нь тавьж золгох гэхчлэн ёс байдаг.  

Ганц уламжлалт баяраараа Монгол хүн гэдгээрээ бахархаж омогшиж, өв соёлдоо дархлаа тогтоох цаг нь болсон

-Золгоход юуг цээрлэдэг вэ?

-Цээрлэх олон зүйл бий. Тухайлбал, хоёр жирэмсэн хүн золгохгүй, энгэр заамаа задгай, товч, шилбэ дутуу золгох, нударгаа буулгалгүй золгох, мэндчилгээний үг буруу хэлэхийг цээрлэдэг. Цагаан сарын өдөр муухай үг хэлэх, хэрүүл хийх, бэлэггүй үг хэлэхийг мөн цээрлэнэ. 

-Манайд настай хүмүүс л мэндчилгээний бэлгэдлээ бүрэн хэлж байгаа байх?

-Залуучууд ч гэсэн ёс уламжлалаа сайхан дагаж байгаа нь зөндөө шүү. Сүүлийн үед айл их хэсэж, алт мөнгө их цуглуулж байна уу гэхчлэн жаахан ядмагших тал анзаарагдаж л байна. Гэхдээ бас Цагаан сарын өдрүүдэд хүнд бүр сайн сайхан, аз жаргалыг бэлгэдсэн мэндийн үгээ хэрэглэж байгаа.

Өнөөдөр Монгол хүн бүр үндэсний өв уламжлал, үндэсний дархлаанд хариуцлагатай хандах хэрэгтэй. Заавал настай хүнд даатгадаг байдлаа болих хэрэгтэй. Настай хүн өв уламжлалыг гүйцэтгэх ёстой. Харин залуучууд домноод орхих ёстой юм шиг хандлагаас одоо татгалзах цаг болчихсон. Дэлхий нийтээрээ өөрсдийнхөө өв соёлыг хамгаалж, сэргээж байна. Залуучууд өв соёлдоо ухамсартай хандаж, мэддэггүйгээ мэдэж, мэддэгээ сэргээж явах хэрэгтэй. Ямар өдөр тутамдаа хэрэглэ гээд байгаа биш. Ганц уламжлалт баяраараа Монгол хүн гэдгээрээ өөрөө бахархаж, омогшиж, өв соёлдоо дархлаа тогтоох цаг нь болсон.

-Сар шинийн баяраар заавал үндэсний хувцастай золгох ёстой биз дээ?

-Монголчууд үндэсний баяраараа Монгол хувцсаа өмсөх нь зүй ёсны хэрэг юм. Эх сурвалжийн мэдээллээр Хубилай хааны ордонд Цагаан сар тэмдэглэхдээ хүн бүр аль болох цагаан хувцас өмсөхийг хичээсэн байна гэж Марко Поло тэмдэглэсэн байдаг. Цагаан сарыг сайн цагийг авч ирэх аз жаргалыг бэлгэддэг учраас бид нар үндэсний хувцсаа иж бүрэн өмсөөд шинэлэх нь хамгийн зөв зүйл юм. Хүүхэд багачуудад үндэсний хувцасны хэрэглээг дадуулж, таниулах хэрэгтэй.

-Малчин түмэн Цагаан сараа их өргөн дэлгэр тэмдэглэдэг. Харин хот суурин газар Цагаан сар гурав хоног үргэлжилдэг болчихсон? 

-Манайханд даган дуурайх, өөрсдийнхөө уламжлалаас ичдэг хандлага хэсэг байсан. Харин сүүлийн үед хүн бүр болгоомжтой ханддаг болж байна. Өөрсдийн гэсэн зүйлдээ үнэ цэнтэй хандаж анхаардаг болж байгаа. Залуучууд ч гэсэн өв соёлын тухай ярьж эхэлж байгаа. 1951 оны нэгдүгээр сарын 26-нд Маршал Чойбалсан нас барсан. Энэ үед Цагаан сар таарч байсан учраас Монголчууд Цагаан сараа тэмдэглээгүй. Тэр жил улс орон даяар гашуудал зарласан. Үүнийг далимдуулаад Цагаан сарыг тэмдэглэх явдлыг бүдгэрүүлэх үйл ажиллагаа эхэлсэн. Цагаан сарыг тэмдэглэхийг хориглож, нэгдэлчдийн баяр болгож, 12 дугаар сарын 31-ний өдөр золгуулах хүртэл арга хэмжээ авч байсан. Цагаан сарыг байхгүй болгох оролдлого олон байсан. Монголын бүх ард түмний соёлын дархлаа болчихсон зүйл байсан учраас Цагаан сар мартаагүй явж байгаад 1980 оны сүүлээс илүү хүчтэй сэргэсэн байдаг. Сүүлийн үед гадны зөөлөн хүчний бодлогын нөлөөгөөр маш олон төрлийн баяр ёслол орж ирж байна. Энэ олон баярын нөлөөнд Цагаан сар дарагдах хандлага байсаар байна. Цагаан сарыг малчин түмэн ёс төртэй утга төгөлдөр хийдэг. Хот суурин газрын хүмүүс дутуу тэмдэглэдэг гэсэн хандлага бий болж байх жишээтэй. Бидэнд маш олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Өнөөдөр гадаадад сургууль төгссөн хүн мундаг сэхээтэн гэж нийгмээрээ ойлгодогтой адилхан Цагаан сар настай хүмүүсийн, хөдөөнийхний баяр гэх нь мэр сэр байна. Энэ бол буруу хандлага.

Дал, дөрвөн өндөр хавирга, гургалдай, хонтой шаант чанаад тавихад л бүтэн хонины шүүсийг төлөөлнө

-Сар шинийн уламжлалт баяраар идээ, шүүс тавьдаг уламжлалтай. Тэр дундаа ууц, өвчүү, дал дөрвөн өндөр гэх мэт. Ер нь хэн ууц, өвчүү, дал дөрвөн өндөр тавих ёстой вэ?

-Цагаан сараар заавал тийм зүйл тавих ёстой гэж тулгасан юм байхгүй. Төрийн хэмжээнд ёслол хийхэд хүндэтгэлийн идээ шүүс энгийн байгаад байдаггүй. Төрийн ёслолын идээ шүүс арай өөр байна. Настай хүмүүсийн идээ шүүс нь бас тодорхой хэмжээнд олон хүн, ач зээ нар цугларах учраас илүү байдаг. Хэн юугаа засах нь тухайн айл өрхийн асуудал. Гэхдээ хуучин уламжлал дээр заавал ууц тавих ёстой гэсэн юм байхгүй.

Дал, дөрвөн өндөр хавирга, гургалдай, хонтой шаант чанаад тавихад л бүтэн хонины шүүсийг төлөөлж болдог. Том ууц тавихаар тэр жилдээ элбэг хангуулан байдаг гэдэг ойлголт зохиомол юм. Манайхан даган дуурайх "өвчин" тусчихсан юм шиг байдгаа болих хэрэгтэй.

-Цагаан сарын ууцыг хэн хөндөх ёстой вэ. Гэрийн эзэн үү, эсвэл хамгийн настай хүн үү?

-Хүндэтгэлийн зоог шүүсийг голдуу настай эрэгтэй хүн, гэрийн эзэн л хөндөх нь элбэг байдаг.

-Өвчүүг дээр үеэс тавьж эхэлсэн үү. Эсвэл сүүлийн үед тавьж байгаа юу?

-Өвчүү огт тавьдаггүй байсан гэсэн зүйл байхгүй.

-Настай хүмүүс буюу 80 хүрсэн хүн насныхаа цээрийг гаргаж байна гээд хоёр удаа золгодог гэсэн. Насны цээр гаргана гэж байдаг уу?

-Өндөр настай хүн бүр тэгдэггүй. Харш жилдээ бие тэнхээ нь дорой, тухайн жилдээ өвдөнө гэж зурхайд буусан тохиолдолд насны цээр гаргах зан үйл хийдэг. Тухайлбал, 73, 81 хатуу жил гэж ярьдаг. Насны цөвүүд тохиосон жил тухайн хүнтэй битүүнд золгоод, шинийн нэгэнд дахин золгоод харш жилийг давуулах ёс байна. Үндсэндээ Цагаан сар монгол хүн бүрийн төрсөн өдөр шүү дээ. Тэгээд хоёр төрсөн өдөр тэмдэглэчихээр 80-тай хүн 82 хүрчихэж байгаа юм. Гэвч энэ нь настай хүн болгонд хийдэг ёс бол биш. Тухайн хүний биеийн байдлаас болж цээр гаргаж байгаа зан үйл.

Цагаан сарыг өлгийтэй нялхаас өтлөх буурай хүртэл тэмдэглэх ёстой

-Цагаан сарын бэлэг өгөх ёс дээр үеэс уламжлагдаж ирсэн биз дээ?

-Ямар ч ард түмэн баяраар бэлэг солилцдог. Бие биедээ бэлэг өгдөггүй ард түмэн бараг дэлхийд байхгүй. Монголчууд хүний гарын алгыг дээшээ харуулна гэж зүйрлэж ярьдаг. Бэлэг өгөх ёс эрт дээр үеэс байсан,  өнөөдөр ч байгаа, цаашид ч байж л байна. Гэхдээ мөнгө барьж золгодог явдал сүүлийн үеийн олдмол зан үйл юм. Цагаан сараар айлчин хийгээд ирсэн хүүхдэд зориулсан гавжийн дугуй, хүүхдийн дугуй гэхчлэн нэрлэдэг, бэлэглэдэг тусгай боов хийж бэлтгэдэг байсан.

Аливаа ард түмэн бүр л тухайн баярт зориулан бэлэг сэлт бэлддэг байдал дэлхий нийтэд түгээмэл байдаг. Жишээлбэл, Европчууд Валентины баяраар гараараа шоколад хийж өгдөг. Хятадууд Еэвэн сараараа цаасанд боосон еэвэн бэлэглэдэг. Харин эрт дээр үед монголчууд цагаан бүс бэлэглэж, өөрсдийнхөө гараар хийсэн өв уламжлалын боов, цагаан идээгээ бэлэглэж байсан байна. Харин сүүлийн үед Эрээний бараа авч ирж бие биедээ солилцож байгаа. Сүүлийн үед тогтсон бэлэг байхгүй учраас бие биеийнхээ дээр гарах гээд байдаг болчихсон. Миний хувьд Цагаан сараар үндэсний өв уламжлалаа илэрхийлсэн бэлэгтэй болох хэрэгтэй гэж боддог. Бэлэг ер нь сэтгэлийн зүйл шүү дээ.

Цагаан сарыг настай хүмүүсийн баяр, хүүхэд баярлуулдаг гээд залуучууд өөрсдөө зугтаадаг. Цагаан сарыг өлгийтэй нялхаас өтлөх буурай хүртэл тэмдэглэх ёстой. Цагаан сар нь хөөрч баярлаад байгаа зүйл биш. Зан үйл, ёс уламжлал гээд бүх зүйлийг цогцоор хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагаан сарын баяраар Монгол хүн бүр сэтгэлзүйн сайн сайхан аз жаргал руу тэмүүлдэг. Энэ өдөр бараг 365 хоногт нэг удаа тохиодог. Төр засгийн зүгээс ч хайхрамжгүй хандаж болохгүй. Төрт ёсны зан үйлээр ард иргэдийг нэгтгэж явах нь хамгийн чухал.

-Сар шинийн өмнө ямар нэгэн буяны ажил болоход тухайн айл шинэлэхгүй байх уу. Эсвэл шинэчлэх ёстой юу?

-Тухайн хүнээс хамаарна. Зарим нь гашуудаад Сар шинийг өргөн дэлгэр хийдэггүй тохиолдол бий. Гэхдээ огт идээ будаа хийхгүй хоосон байдаггүй. Зохих хэмжээнд идээ шүүсээ бэлтгэдэг. Харин өргөн золгуут хийдэггүй.

-Шинийн нэгний өглөө нар харна гээд байдаг. Энэ уламжлал мөн үү?

-Нар харна гэдэг ойлголтын хувьд сүүлийн үед их дэлгэрсэн. Гэхдээ энэ бол уул, овоонд гарч төрт ёс, орон хангайдаа арц хүжээ уугиулж, идээ цагааны дээжээ өргөж, мөргөж ёсолж ирсэн зан үйлийн сүүлийн үеийн гажуудсан хувилбар юм. Индэрт мөргөх, хэншүү өргөх, хотны овоонд гарах гээд янз бүрээр нэрлэж ирсэн байдаг.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ч.Мөнхтөр: Цагаан сарын баяр бол монголчууд эрт дээр үеэсээ тэмдэглэж ирсэн төрт ёсны уламжлал  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй