
Вируст гепатит өвчний талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, ДОХ, БЗДХ, гепатитын багийн ахлагч Др. Ийнг-Ру Лотой ярилцлаа. Тэрээр “Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент” сэдэвт зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байсан юм.
- Та ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, ДОХ, БЗДХ, гепатотын багийн ахлагч. ДЭМБ яагаад гепатит өвчнийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгосон талаар хоёулаа яриагаа эхлэе?
- Баярлалаа. Маш чухал бөгөөд сонирхолтой асуулт байна. Дэлхий дахинд вируст гепатит өвчнөөр 1,4 сая хүн нас барж байна. Энэ өвчнөөр нас барах хүний тоо ХДХВ, ДОХ, сүрьеэ, хумхаагаар нас барж байгаа хүмүүсийн тооноос хамаагүй илүү байгаа учраас ДЭМБ-аас энэ өвчинд зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой гэж үзснээр тэргүүлэх чиглэлээ болгосон.
- Монгол улсад ч ялгаагүй гепатит өвчний тархалт маш өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ер нь энэ В, С вирусын халдвар бүрэн эмчлэгддэг болов уу?
- Үүнийг ярихын өмнө эхлээд вируст гепатитын талаар тодорхой ойлголтыг өгөх нь зөв гэж бодож байна. Вируст гепатит нь А, В, Д, С, Е гэсэн хэд хэдэн төрөл байдаг. Энэ өвчнөөр өвдөж байгаа хүмүүсийн дийлэнх нь В, С вирусаар өвчилсөн байдаг л даа. Энэ хоёр вирус нь элэгний хатуурал, элэгний хавдарт хүргэдэг. Вакцинд хамрагдах, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллага дахь халдвар хяналтын арга хэмжээг сайжруулах зэргээр халдвар авахаас урьдчилан сэргийлж болно. Жишээлбэл, гепатит В-ийн хувьд урьдчилан сэргийлэх вакцин байдаг. Монгол улсын хувьд энэ вакциныг нэвтрүүлээд дархлаажуулалтын маш өндөр амжилтад хүрсэн. Манай бүсийн хэмжээнд 5 нас хүртэлх хүүхдүүдийн дундах гепатитын тархалтыг 1 хувиас бага болгох 2017 он хүртэлх зорилтод хүрчихсэн байгаа.
Мөн В, С гепатитын халдварыг эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа тараахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр маш олон ажил хийгдсэн. Архаг В, С гепатиттай хүмүүст зориулсан эмчилгээ ч байгаа. В гепатитын эмчилгээнд ХДХВ/ДОХ-ын халдварыг эмчилдэг Тенофовир эмийг хэрэглэдэг. Энэ эмийг хэрэглэснээр элэгний хатуурал, элэгний хавдар болохоос урьдчилан сэргийлж болдог. Одоогийн байдлаар гепатит С вирусыг эмчлэх үр дүн сайтай хэд хэдэн эм байгаа ч вакцин байхгүй тул анхаарал татсан асуудал хэвээр байна. 2008 онд олон улсын элэг судлалын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас харахад 2003-2005 оны мэдээллээр С вирусын халдварын тархалт 15 орчим хувьтай байсан. Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй орчинд тарилга хийлгэх, мэс засал, ажилбар хийлгэх, шүдний эмчилгээнд хамрагдах нь халдвар авах гол нөхцлийг бүрдүүлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх нь маш чухал. Азийн хөгжлийн банкны 30 сая долларын хөнгөлөлттэй зээлээр тусгай төсөл хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй болов уу.
- Гепатит В вирус вакцинтай учраас аюул багатай байх. Тийм үү?
- Вакцин хийлгэсэн хүүхдүүдийн хувьд В гепатитаас айх зүйлгүй.
- Таниас гепатит С вирусыг эмчлэх шинэ эмийн талаар сонирхмоор байна?
- Гепатит С вирусын эсрэг шинэ эмүүдээр 3 сарын хугацаанд 90 хүртэлх хувийн үр дүнтэй эмчилнэ гэж байгаа. Энэ төрлийн эм дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бүртгэгдсэн байгаа боловч Азийн нэг ч оронд хараахан бүртгэгдээгүй байна. Гепатит С вирусын эмчилгээ нь маш өндөр өртөгтэй байдаг болохоор бүх орнуудын хувьд тулгамдсан асуудлын нэг болсон гэхэд хилсдэхгүй.
- Таны бодлоор манай улсад гепатитыг эмчлэх хамгийн үр дүнтэй ямар эмчилгээг нэвтрүүлэх боломжтой гэж харж байна?
- Эмчлэх эмийг хэдийнэ бүтээчихсэн. Зарим төрлийн эм нь Монгол улсад хэрэглэгдэж байгаа. Гэвч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан цөөхөн тооны хүмүүс л эмчилгээнд хамрагдаж байна. Цаана нь эмчилгээ шаардлагатай сая сая хүн байгаа шүү дээ. Бидэнд мэдээлснээр танай улсын хувьд ХӨСҮТ-д одоогийн байдлаар дөнгөж 30 хүн л эмчилгээнд хамрагдаад байгаа бөгөөд цаана нь 200 мянган хүнд эмчилгээ шаардлагатай гэсэн. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар элэгний вирусыг эмчлэх тал дээр эрчимтэй ажиллаж байгаа болохоор үр дүнтэй эмчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж бодож байна. Мэдээж санхүүгийн эх үүсвэрийг бэхжүүлэх, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг эргэж хянах хяналтын тогтолцоо зэргийг сайжруулах шаардлагатай.
- Манай улсад сүүлийн үед гепатит С вирусын халдварыг 5 жилийн хугацаанд устгаж чадна гэх яриа сонсогдох боллоо л доо. Ер нь энэ С вирусын халдварыг 5 жилийн хугацаанд устгах боломж хэр байна вэ?
- Энэ их чухал асуулт байна. Таны асуултад хариулахын тулд би тэмбүү өвчний жишээг яримаар байна л даа. Бид маш сайн мэддэг өвчин шүү дээ. Бас эмчлэгддэг өвчин. Тэмбүүг эмчилдэг пенициллинийг 1929 онд анх нээсэн байдаг бөгөөд ихэнх тохиолдолд нэг удаагийн тарилтаар бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ нь байгаа болохоор энэ өвчнийг бүрэн устгаж болно. Гэвч өнөөг хүртэл тэмбүү устаагүйгээр үл барам Азийн хэд хэдэн оронд дэгдэлт дахин сэргэж, нэмэгдэх хандлагатай болоод байна. ХДХВ-ын халдвар тархаж эхэлснээс хойш 30 жил өнгөрч, энэ хугацаанд маш их хэмжээний хөрөнгө хүч зарцуулсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмчилгээтэй хослуулснаар энэ халдварын тархалтыг таслан зогсоож чадна гэж бодож байсан. Гэвч НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн 2012 оны мэдээллээс харахад 4,7 сая хүн ХДХВ-ын халдвар тээж байна. Мөн жил бүр 260,000 хүн ДОХ өвчнөөр нас барж, 350,000 хүн энэ халдварыг шинээр авч байна.
Өнгөрсөн хугацаанд ХДХВ-ын халдвараас авсан сургамж, туршлагыг гепатитын эмчилгээнд нэвтрүүлж болох юм. В, С гепатитыг эмчилж чадвал бид элэгний хатуурал, элэгний хавдраас сэргийлэх боломжтой болно. Тухайлбал, эмчилгээний стандарт удирдамжийг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлэх, эмчилгээний өртөг зардлыг бууруулах арга замыг тодорхойлж, томоохон хэмжээний хуримтлал, сан бүрдүүлэх санаачлагыг бий болгох, халдвар тээгчдийг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд хамруулах, хянах туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл В,С гепатитын халдвартай хүмүүсийн дийлэнх нь өөрсдийгөө халдвартай гэдгээ мэддэггүй явдаг. Оношлогдсоны дараа тэдгээр хүмүүийг эмчилгээнд хамруулах, хянах, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй. Бас эмчилгээний чанарыг хянах тогтолцоог нэвтрүүлэх нь чухал. Ер нь гепатит өвчнийг устгах боломжтой. Гэхдээ бид нэг зорилгын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй.
- Софосбувир гепатит С вирусын 1б хэв шинжийг эмчилж чадах уу?
- Софосбувир нь шинэ бүтээгдсэн вирусын эсрэг шууд үйчлэл бүхий эм. Пегинтерферон, робавиринтэй хавсарсан 3 эмийн хослолоор эмчлэхэд 90 хувийн үр дүнтэй. Харин цөөн тооны зарим судалгааны дүнгээр интерферонгүйгээр 70 хүртэлх хувийн үр дүнтэй гэдэг.
- Софосбувирыг үйлдвэрлэгч Гилеад компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн талаар та сонссон уу?
- Ер нь ДЭМБ-аас эмчилгээний үнэ өртгийг бууруулах аливаа санаачлагыг дэмждэг. Гэхдээ энэ эмийн зардлыг бууруулах асуудал нь өөрөө их бэрхшээлтэй л дээ.
- ДЭМБ-ын зүгээс улс орнуудын Засгийн газарт гепатит өвчнийг хянахад хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
- ДЭМБ гепатитын хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Манай бүсийн түвшинд хөтөлбөрийн үйл ажиллагаанд эмчилгээ, тусламж, үйлчилгээний асуудлыг тусган 2014 онд өргөжүүлсэн. 2014 оны 05 дугаар сард ДЭМБ-ын Нэгдсэн чуулганаас вируст гепатитыг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал мөн гэж дүгнэсэн. Улс орнуудад гепатит өвчний тандалт судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн зөвлөхүүдээ Монголд авчирч, санал бодлоо солилцож байна.
- Иргэдийн хувьд мэдээ, мэдээлэл дутмагаас болж аливаа өвчнийг тусах нь түгээмэл байдаг. Түүнээсээ болоод эрүүл мэнд, эдийн засгийн хувьд эрсдэл хүлээдэг. ДЭМБ-ын хувьд иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг хэрхэн мэдээ, мэдээллээр хангадаг вэ? Ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт мэдээлэл авдаг болсон?
- ДЭМБ хэвлэл мэдээллийнхэнтэй нягт хамтран ажилладаг. Хэвлэлийнхэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулж, албан ёсны мэдээллийг хэвлэлийн хуудсаар дамжуулан мэдээлдэг. Хэвлэл мэдээллийнхнээс олон нийт аливаа мэдээллийг авдаг учраас тэднийг үнэн зөв мэдээллээр хангаж, сургаж байх ёстой. Харин эрүүл мэндийн ажилчдын хувьд гепатитын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээр тал бүрийн сургалтыг зохион байгуулах нь үр дүнтэй.
- Ярилцсанд баярлалаа.
Др. Ийнг-Ру Ло: Гепатит өвчнөөр нас барах хүний тоо ДОХ, сүрьеэгээс илүү байна | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.