Шууд Chart

Д.Батболд: “Баянхонгор” баавгай хятадын хилийг даваад хоёр сарын дараа эргэн ирсэн

2016-01-23 13:42:34

Мазаалайн гэр орон бол Монгол орны баруун өмнөд хэсэг, Хятадын хойд хилийн дагуу хэдэн мянган ам километр сунаж тогтсон, дэлхийд тавдугаарт орох том говь цөл юм. Энд өвөлдөө -20, зундаа бүр +70 хэм хүртэл халдаг, жилдээ дунджаар ердөө л 39-65 мм хур тунадас ордог. Зарим жил нутгийн тодорхой хэсгээр ямар ч хур тунадас буулгүй, гантай өнжих нь бий.

Мазаалайг Монгол Улсын улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенцид бүртгэсэн байдаг. Манай оронд гурван жилийн өмнө 22 толгой тоологдсон бол өнгөрсөн жилүүдэд хүний оролцоо тусламжтайгаар 50 толгой хүртэл өссөн сайхан мэдээ бий.
 
Гэсэн хэдий ч байгалийн хүчин зүйлийн нөлөөтэйгөөр цаашид устах аюул тулгараад байгаа юм. Цөөн тоотой мазаалай баавгайн тоо толгой өсөн нэмэгдэхгүй байгаа гол шалтгаан нь идэш тэжээл, задгай уст цэгийн хомсдол бий болсонтой холбоотой. Мазаалай нь 11 дүгээр сараас гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичдэг. Хавар ичээнээс гарах үед хоол тэжээлийн хомсдолд орж байна. Мөн зуны улиралд тэдний ундаалдаг баян булаг орчимд аялагч жуулчид ихээр ирж буудаллах болсонтой холбоотойгоор тэд ундны усны хомсдолд ороод байгаа аж.

Хэдийгээр сүүлийн 50 жилд тоо толгой нь тогтмол байгаа боловч тархац нутаг нь 1940-өөд оныхоос 10 дахин, 1960-аад оныхоос тав дахин хумигдаж, одоогийн тархац нутгийн хэмжээ 18000 ам км болсон гэж ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид тайландаа дурджээ.

1976 онд Их говийн дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоон, хамгаалалтад авч эхэлсэн. Эдүгээ эл дархан цаазат газар говийн баавгайн ганц орогнол болж байна. Мазаалайн гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Ээж хайрхан, Захуй Зармангийн Баянбүрд, Эдрэнгийн нуруу, Сэгс цагаан богд гэж тогтоосон байна. Хамгийн сүүлийн судалгаагаар, Говийн Их Дархан цаазат газарт 45000 км2 нутагт хамгийн багадаа 22-31 толгой мазаалай байгааг тогтоосон ба генетикийн судалгаа хийснээр 8 эм, 14 эр бодгаль байгааг тодорхойлсон байна.
 
Ийнхүү устаж үгүй болох бодит аюултай тулгараад буй говийн мазаалайг дэлхийн судлаач эрдэмтэд, нутгийн иргэд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан судалж, хүнс тэжээлээр хангасаар иржээ. Энэ талаар “Мазаалайд 1000 төгрөг” төслийн санаачлагч “Хонгор нутгийн дуудлага” ТББ-ын тэргүүн, Баянхонгор аймгийн Намдолчойнхорлин хийдийн хамба лам Д.Батболдтой ярилцлаа.

-Танай байгууллага хэзээнээс мазаалай хамгаалах ажил хийж эхэлсэн бэ?
-2012 оноос эхлэн олон нийтийн твиттер сүлжээг ашиглан дэлхийд ховор мазаалай баавгайг хамгаалах ажилд олон нийтийн, төр засгийн сонорт хүргэж чадсан. Мөн АНУ-ын судлаачидтай хамтран мазаалайд GPS суулгах, тэжээлийн цэг бий болгож идэш тэжээл тавьж өгөх зэрэг ажлууд хийж байгаа.

-Гадны судлаачид мазаалайг харах гэж дэлхийн талыг туулж ирдэг гэж дуулсан. Тэгэхээр мазаалайтай таарна гэдэг их ховор тохиол байхдаа?
-Мазаалайн мөр элбэг таарах боловч биеэрээ харагдахдаа ховор. Тэжээлийн цэг дээр л таарах магадлалтай. Хээр энд тэнд явж байгааг нь олж харна гэдэг маш хэцүү. Хавар ногоо гараагүй тохиолдолт тэжээл дээр заавал ирдэг. Намар ичээндээ орохоосоо өмнө тэжээлийн цэг дээр бас ирдэг.

-Тэжээлийн цэгүүдийг хаана байрлуулсан бэ. Мазаалай хэр их ирж байна?
-Говийн баян бүрдүүдээр тэжээлийн цэгийг байгуулсан байдаг. Сүүлийн 10 жилийн турш жилд хоёр удаа хорголжин тэжээл тавьж өгдөг. Мазаалай намар ичээндээ орохоос өмнө, хавар ичээнээс гарсны дараа энэ цэгүүдэд ирдэг.

-Хэдэн бааавгайд GPS суулгаад байгаа вэ?
-АНУ-ын ‘’Говийн баавгай’’ төслийн удирдагч Харри Рэнолдсийн судалгааны багтай хамтран 27 мазаалайд GPS суулгаад байна. Судалгаанд ороогүй GPS суулгаагүй 20 гаруй мазаалай үлдсэн байгаа. Өнгөрсөн зун судалгаанд орж байгаагүй нэг мазаалайд GPS суулгаж, Баянхонгор гэж нэр өгсөн. Баянхонгор мазаалай зун Хятадын хил давж Тэнгэр ууланд гараад, хоёр сарын дараа нутагтаа буцаж ирсэн нь түүний хүзүүвчинд суулгасан сансрын дохиоллын мэдээллээр баталгаажсан.

-Судалгааны ажил хэр явагдаж байна вэ?
-Мазаалай баавгайн судалгааны баг өдөр хоног өнжилгүй судалгааны ажлаа хийсээр байна. Хэр сайн бөгөөд хурдан судална тэр хэмжээгээр хамгаалах арга улам баттай нарийн болно. Мазаалайн байдаг газруудаар хэд хэдэн газар тэжээлийн цэг байгуулж автомат камер тавьсны үр дүнд Мазаалайнууд камерт зургаа авахуулж, тэжээлийн цэг дээр хялгас үсээ үлдээсэн байдаг. Үүний ачаар хэдэн мазаалай байгааг болон өөр бусад судалгаа шинжилгээ хийх боломжтой болж байна. Бас тэжээлийн цэгт эр эм, мазаалай учран золгож санаа нийлбэл үржилд орж үр удам нь гарч, тоо толгой нь нэмэгдэх сайн үр дүнтэй юм.

АНУ-ын зэрлэг амьтдын биологич, говийн баавгайн мэргэжилтэн, Харри Рэйнолдс “Тэднийг ямар ангилалд хамруулахаас үл хамааран мазаалай бусдаасаа онцгой амьтан. Тэдэн шиг говь цөлийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож амьдардаг баавгай дэлхийд өөр хаана ч байхгүй. Дасан зохицол, шинийг сурах чадвараараа тэд энэ гаригийн хамгийн хүнд хүчир нөхцөл дунд амьдрах аргаа олж чадсан амьтан. Дэлхийн олон эрдэмтэд тэдний барааг нь ч болов харахаар дэлхийн талыг туулан Монголын гови йг зорьдог” хэмээн онцолсон байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Батболд: “Баянхонгор” баавгай хятадын хилийг даваад хоёр сарын дараа эргэн ирсэн  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй