Шууд Chart

Д.Дашжамц: Би цэргийн пагон, бөхийн спорт хоёрыг бурханчлан шүтдэг

2016-04-19 09:46:58

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Довдонгийн Дашжамцтай ярилцлаа.

-“Хүч” спорт хорооны 70 жилийн ой энэ жил тохиож буй болохоор энэ байгууллагаар овоглогсод нэлээн хөл хөөртэй байгаа бололтой?

-70 жилийг хүнээр яривал юм юмыг үзэж туулсан өвгөнтэй зүйрлэнэ. Түүний амьдралыг судалвал юу ч гарч магадгүй. Үүнтэй адил “Хүч” спорт хорооны зузаан түүх шавхагдашгүй.  

-Таныг цэрэгт байхдаа л энэ хороонд харьяалагдсан гэж сонссон?

-1972 онд Дорнод аймгийн хилийн цэргийн 032 дүгээр ангид 18 настай байхдаа хуваарилагдаж, Монгол Улсын баатар Пунцагийн Чогдонгийн цэрэг болсон. Түүний цэрэг болно гэдэг хүссэн аавын хүүд олдоод байдаг тавилан биш байлаа. Түүний цэрэг байсандаа одоо ч өөрөөрөө бахархдаг. Тэр баатрын хүчинд би цэргийн эрмийг сайн сурч, бага даргын сургуулийг төгсөөд байхдаа Улаанбаатарт хилийн цэргийн спартикад, бүсчилсэн наадамд отрядаасаа шалгарч, оролцдог байлаа. Тэр үед Завхан аймгийн Отгон сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Гилэг багш намайг тоож, гарынхаа шавь болгосон. Мөн манай хилийн цэргийн хоёрдугаар хэлтсийн дарга Ч.Найдан багшийн удирдлага дор бөхийн эрдмээ сурсан. Ч.Найдан багш Монголын спортын түүхэнд “чемпон” болон “тугч” гэдэг нэрээрээ алдартай. Миний спортын салбарт үзүүлсэн бүх амжилт П.Чогдон баатар болон дээрх хоёр багш, “Хүч” спорт хороотой салшгүй холбоотой.  

-Г.Магванноров даргад танай хамт олон нэлээн ам сайтай байдаг юм билээ. Түүний тухай яриач?

-“Хүч” нийгэмлэг 1972 онд дахин байгуулагдахад “Хөдөлмөр” нийгэмлэгээс дараа жил нь ахмад цолтой хүн даргаар ирсэн нь сүүлд хурандаа цол хүртсэн Г.Магванноров дарга байлаа. Тэр үед дарга булчин шөрмөс сайтай байсан болохоор “Булчин Норов” гэж хүртэл хэлэгдэж байв. Манай хороо “Алдар” нийгэмлэгээс дөнгөж өрх тусгаарлаад байсан болохоор тамирчин цөөхөн болж, 1975 онд дээрх дарга маань Хилийн цэрэг, цагдаагийн байгууллага зэргээс тамирчин бэлтгэж, хороондоо элсүүлсэн. Гэвч биеийн тамирын тусгай салбар болохгүй бол горьгүй нь гээд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар гэж нэрлэсэн.

-Анхны тамирчдын нэг нь та. Өөр хэн, хэн байсан бэ?

-Би цэргийн албанаас халагдах дөхөж байсан үе л дээ. Бөхийн спортын төрөлд самбо бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ш.Моононхүү, мөн самбо бөхөөр барилддаг байсан Д.Батбаатар бид гурав. Харин цана, дугуйн төрөлд Л.Бямбадорж. Төд удалгүй манай хороо ам бүл нэмж, цэргийн болон тамирчин, ахлагчийн салаатай, аж ахуйн бие бүрэлдэхүүнтэй байгууллага болсон. Дараа нь биеийн тамирын тугай салаа, “Хүч” нийгэмлэг хоёр нэгдэж, хилийн цэргийн ногоон мөрдэстэй болж байлаа. Гэхдээ 1946 онд манай улсад спортын таван тусгай салбар байгуулагдахад “Хилчин” гэдэг нэр “Хүч” болж салбарлаад олон арван уралдаан, тэмцээнд тамирчдаа оролцуулж байсныг түүхээс уншсан. Харин 1972 оноос би тамирчин нь болж, идэвхтэн дасгалжуулагч, салааны захирагч, Ч.Найдан багшийнхаа ажлыг хүртэл өвлөж үлдсэн. Багш маань надад самбо, жүдо, үндэсний бөхийн салбарыг хариуцуулсан. Гэхдээ дараа нь ОХУ-ын Ленинградын их сургуулийг төгсч ирсэн Батбаатар, УБИС-ийг төгссөн, цэргийн арслан Ж.Санжаасүрэн нарт жүдо бөхийн салбарыг даатгасан. Тэр цагаас хойш олон сайхан дасгалжуулагч төрсөн. Хууль зүйн сайд асан Ж.Тэмүүжингийн татан буулгасан энэ хороог самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэл дахин хөл дээр нь босгохоор зүтгэж байгаад нь баярладаг. Түүний аав, аймгийн заан Очир бид хоёр их дотно нөхөрлөдөг байлаа. Найз маань бүтээлч, ажилсаг хүү төрүүлж, байсан зүйлийг хэвээр нь байлгахын төлөө хүчин зүтгэж байгаад нь би бахархдаг. Ер нь би ийм сайхан бүтээлч залуусаар хүрээлүүлсэн болохоор өнөөдөр энэ сайхан зэрэг цол, алдар гавьяаг хүртсэн хүн. Шүтэж болдог бол би цэргийн пагон, бөхийн спорт хоёрыг бурханчилна.    

-Та 1975 онд “Хүч” спорт хорооны үндсэн тамирчин болсон. Монгол Улсын начин цол хүртэхэд тус хорооны ач тус хэр дэм болсон бол?

-Цэргийн алба хааж байхдаа ч би энэ хорооны бөхчүүдтэй хамтарч бэлтгэл хийдэг байсан. Миний энэ амжилт “Хүч”-тэй яах аргагүй холбоотой. Би 1981 онд начин цолоо Монгол Улсын гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдины хүү улсын гарьд Баяраа агснаар хүртсэн. Тухайн үед тэр начин цолтой байсан. Тэр жилийн наадмын гурвын даваанд Монгол Улсын начин Д.Загдаа ахыг давсан.

-Д.Загдаа начин мөн л танай хорооных байсан биз дээ?

-Тийм. Д.Загдаа ах миний давааг ахиулах гэж амлаж, өөрөө тахимаа өгсөн байх гэж би боддог юм. Яс үзсэн бол хэн давах нь эргэлзээтэй үе байлаа. Харин дөрвийн даваанд чөлөөт бөхөөр сайн барилддаг байсан А.Баатархүү агсныг өвдөг шороодуулсан. Ингээд начны даваанд Д.Баяраа бид хоёр тунаж, би давсан юм. Тэр жилийн наадмаар Д.Баяраа улсын заан цол хүртэхээр ирж, бүхий л ухаан бодлоо төвлөрүүлж байсныг сүүлд сонссон. Гэхдээ тэр сайн бөх байсан болохоороо дараа нь улсын гарьд цол хүртэл хүртсэн шүү дээ.

-Хүүг нь давчихаар Д.Дамдин аварга танд ямар нэгэн юм хэлсэн үү?

-Бид хоёрыг тавын даваанд гарах гэж байхад тэр “Энэ хоёр хүүгийн аль давсныг зургаагийн даваанд амлаж, заан цолонд хүргэнэ ээ” гэж байсан юм билээ. Тэр жил тэгш ой тохиож байлаа. Тийм жил зургаа давсан бөхөд улсын заан цол хүртээдэг байсан болохоор аварга тэгж хэлсэн хэрэг. Ямартай ч би Д.Баярааг давчихаад туг тойроод ирэхэд Д.Дамдин аварга өөдөөс амдаж ирээд “Хоёр хүү яаж барилдав. Ах нь харж амжсангүй” гэхээр нь би “Хаячихаад л ирлээ. Та харсан биз дээ” гээд залуу байсныг ч хэлэх үү, том хүний өөдөөс жаахан хэтрүүлээд дуугарчихсан. Гэтэл дараагийн даваанд тэр намайг биш өөр бөх амласныг сүүлд мэдсэн.

-Тэгээд таныг хэн амласан бэ?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнхөд амлуулж өвдөг шороодсон. Дараа нь Д.Дамдин аварга надтай таарахдаа дээрх учрыг хэлэхдээ “Чи азгүй хүүхэд шүү” гээд загнаж байсан. Д.Дамдин аварга надад их сайн, бараг аав шиг минь байсан даа. Гэтэл би буруу дуугарч өөрийгөө заан цолноос холдуулчихсан.  Гэхдээ нэг зүйл хэлэхэд, яг үнэндээ Х.Баянмөнх аварга намайг биш улсын заан С.Хүрэлбаатарыг амлах гэж байхад нь би өөрөө дэргэд нь очоод “Та намайг амлачих” гэсээр байгаад амлуулсан. Аваргаас их дутуугаа мэдэхгүй том дуугарсан байгаа биз (инээв).

-Яагаад өөрийгөө амлуулсан юм бэ?

-Залуу ч байж, улсын начин цолны болзол хангачихсан болохоор цагийг эзэлсэн их аваргатай хүч үзмээр санагдаад тэсээгүй юм. Унасан ч би дараа нь “Дархан аварга Х.Баянмөнхтэй барилдаж байлаа” гэж ярих сайхан түүхтэй үлдэх гэж тэр. Түүнээс хойш би хоёр л удаа шөвгөрсөн. Бэртэл гэмтлээс шалтгаалж цаашид барилдах боломжгүй болсон болохоор дасгалжуулагчаар одоог болтол ажиллаж байна. Тэгээд ч би дээр дурдсан хоёр багшаасаа их үлгэр дууриал авдаг байлаа. Тэд маань ч надад итгэж “Миний хүү дасгалжуулагч болох ёстой” гэсэн болохоор тэр итгэлийг нь алдахгүйн төлөө хичээж явна. Бидний үед байгууллагынхаа хүмүүст үнэлүүлнэ гэдэг асар их нэр хүнд байлаа. Дор бүрнээ л ажлын хариуцлага алдахгүйн төлөө мэрийнэ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдорж багшаас эхлээд улсын заан Р.Давааням, Д.Мягмар нар надад их түшиг тулгуур болсон. Цаг хугацаа гэдэг хурдан өнгөрөх юм. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй “Хүч” спорт хорооныхоо бөхчүүдтэй би Увс аймгийн Баруунтурууны даваагаар 15 удаа давж, даншгийн наадамд нь зодоглосон бол байгууллага салбарласнаас хойш “Хилчин” спорт хорооныхонтойгоо өвөр Зайсангийн аманд 18 жил бөхчүүдийнхээ бэлтгэлийг хийлгэлээ. Тэгэхээр үндсэндээ би 30 гаруй жил тамирчидтайгаа хамт явсан гэсэн үг юм. Бид хааяа уулзалдахдаа “Хүч” спорт хороо чинь “Хилчин”-гийнхээ охин компани гэсэн үг шүү” гэж инээлддэг. “Хүч” спорт хороо маань одоогоор бүрэн нэгдээгүй байгаа ч “Тун удахгүй хүчирхэг болно” гэдэгт итгэдэг. Энэ хороог улам сайхан байгууллага болгосон хүн бол Г.Магванноров багш. Спортын төлөө 30 орчим жил бие, сэтгэлээ зориулж байна. Гэтэл түүнд төр засаг гавьяат цол хүртээхгүй юм. Энэ цолыг хүртэж буй олон хүний дотор Г.Магванноров гэдэг хүний нэр гарцаагүй байх ёстой. Өөртэй чинь яриад суухад олон сайхан дурсамж тодорч байна. Нэгийг нь ярьж болох уу.      

-Бололгүй яах вэ. Дуртайяа сонсъё?

-Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн мөн л манай хорооны тамирчин. Би нэлээн хэдэн жилийн өмнө нутгийнхаа түүхт ойн баяр наадамд “Хүч”-ийнхээ 20-иод бөхийг барилдуулахаар авч явав. Наадам арай эхлэх болоогүй байхад Ц.Дуламсүрэн дэргэд ирээд “Багш аа, хоёулаа морины уяа тойрч, хурдан хүлэг сонирхох уу” гэхээр нь би зүгээр сууж байснаас гэж бодоод зөвшөөрлөө. Тухайн үед тэр морь мал ярьдаггүй байсан болохоор би нэг их юм бодоогүй байтал тэр нэг морь харчихаад “Би энэ адууны эзэн байсан бол хадаг уях байлаа” гэхээр нь би нэг их юм хэлсэнгүй. Цааш алхаж байхдаа мөн л хэдэн адууг хараад адилхан хэлэв. Тэгэхээр нь миний шооч зан хөдлөөд “Чи энд байгаа бүх морийг бараг түрүүлж, айрагдуулах нь ээ” гэчихэв. Ингээд морь барианд ирэхэд түүний хэлсэн адууны ихэнх нь түрүүлж, айрагдахад би дотроо “Базарваань, би ийм хүнтэй тоглож байдаг тоогүй юм боллоо доо. Энэ зүгээр хүн биш юм байна. Морийг айхтар сайн мэддэг байх нь” гэж бодож суусан юм. Биднийг хот руу ЗИЛ-130 машинаар буцах гэж байхад хэсэг уяач хүрч ирээд Ц.Дуламсүрэнд хандаж “Та нар манай уяан дээр саатна уу. Бид морио шинжүүлэх гэсэн юм” гэв. Ингээд бид очиж, сайхан ярьж сууж байгаад мордсон. Өмнөх өдөр нь би нутагтаа хүндлэгдэж байсан бол маргааш нь Ц.Дуламсүрэнгийн ээлж болсон түүх тэр. Түүнийг уяач хүний хүртэж болох хамгийн том цолыг гардахад би гайхаагүй. Тэр угаасаа л уяач болох ёстой, энэ цолыг хүртэх хэмжээний мэдлэгтэй хүн мөн гэдэг нь тэр цагаас мэдрэгдэж байсан.

-Улсын заан Р.Давааням агсныг та “Буцалгасан ээзгий шиг нүүртэй” гэж хэлээд уурыг нь ихэд хүргэсэн түүхтэй. Юунаас үүдэж тэгж хэлсэн юм бэ?

-Бид тухайн өдрийнхөө бэлтгэлийг хийгээд өндөрлөх гэж байтал манайхан “Тарваганы боодог идэх юмсан. Ойрхон явж агнаж ирэх үү” гэхээр нь би зөвшөөрч Р.Даваанямын шар өнгөтэй УАЗ-469 машиныг хөлөглөж, Сүүж уулын хормойд зогсоод Р.Даваанямд дарвинк,  цэргийн арслан Отгонд калибрь буу бариулаад тус бүр нэг нүх сахиулав аа. Гэтэл төд удалгүй Отгон буун дуу гаргачихаад өнөө нүх рүүгээ гүйж байна аа. Би ч дэргэд нь очоод учрыг асуутал “Цус нь энд гоожиж, ойрхон байгаа байх аа” гээд нэг гараа нүх рүү хийчихсэн ухаж байдаг байгаа.

-Тэгээд гаргаж ирсэн үү?

-Үгүй. Шархдуулчихсан юм байлгүй, гаргаж ирж чадаагүй. Босч ирээд тэр “Энэ буунаас л боллоо. Р.Давааням зааны бууг авмаар байна. Та хэлээд аваад өг” гэв. Тэгэхээр нь би Р.Даваанямын дэргэд очоод жаахан магтах маягтай “Миний хөгшин сайн бууддаг юм чинь энэ калибрийг авчих. Энэ Отгон үүгээр чадахгүй байна гэнэ ээ. Наадахаа өгчих” гээд хэлчихлээ. Тэгсэн хоёр нүх сахиж байгаад мөн л удалгүй нэг нэгийг сарвайлгаад ирлээ. Тэр хооронд Р.Даваанямын сахисан тарвага ч гарч ирсэнгүй. Тэгэхээр нь бид хоёр машинтайгаа дэргэд нь очоод “Энэ сайхан хангай бидэнд хоёрыг өглөө, одоо болно. Гурвуулаа явъя” гэсэн чинь “Яг гарч ирэх гэж байхад нь машин тэргээр үргээчихлээ. Заавал буудна” гээд болдоггүй. Тэгэхээр нь би уурыг нь хүргэх санаатай “Наад тарвага чинь буцалгасан ээзгий шиг чиний том улаан нүүрийг сэмхэн харчихаад буцаж ороод байгааг чи юугаа хардаг юм” гэсэн чинь “Хүн доромжиллоо” гээд сүйд болж билээ. Гэхдээ миний найз сайхан эр байсан юм шүү. Бид тарвагануудаа аваад буцаж очиж, дархан аварга Б.Бат-Эрдэнээр ёстой сайхан боодог хийлгэсэн. Аварга залуудаа их сайхан боодог хийдэг байсныг олон хүн мэднэ дээ. Тэр үед би “Пиат” гэдэг жижиг машинтай байлаа. ХБНГУ-аас Дамдинбазар гэдэг найз маань надад хоёр ширхэг дугуй авч ирсэн юм. Би өмнө нь солих гэж байсан ч зав гаралгүй нэлээн удчихсан. Гэтэл Отгон хоёр тарвага буудсан болоод ч тэр үү, их санаачилгатайгаар “Багш аа, машины чинь дугуйг солиод өгөх үү, түлхүүрээ өгчих” гэдэг юм байна. Боодог хүлээж байсан бид өөр юу хийхэв гэж бодоод өглөө. Гэтэл өнөөх маань хоёр гараа тос болгочихсон “Дугуйных нь хэмжээ багадаад, миний гар томдоод болдоггүй ээ” гэдэг юм байна. Тэгсэн улсын заан Д.Хишигдорж “Алив, би үзээдхье” гээд авч яваад удалгүй сольчихсон. Тэгэхээр нь бид “Отгоны гар хэтэрхий томдоод, Д.Хишигдоржийнх жижиг болохоор тохирч дээ” гээд бид шоолж билээ. Яг үнэндээ Д.Хишигдоржийнх Отгоныхоос хамаагүй том, хүрз шиг шүү дээ. Д.Хишигдорж тиймэрхүү ажилд эвтэй гэдгээ тэр өдөр мөн л харуулсан.  

-Зарим жилийн улсын баяр наадмын их шөвөгт шалгарсан дөрвөн бөхийн гурав нь танай хорооноос шалгарч байсан. Тэр мөн л таны гавьяа шүү дээ?

-1989 он шиг санаж байна. Хотын захиргаанд барилга, орон сууцанд зориулсан хөгжлийн даргаар Гомбосүрэн гэдэг хүн ажиллаж байлаа. Тэр хэдэн хүний хамт манай хорооны бөхийн бэлтгэлийг сонирхохоор “Сүүж”-ийн амралтанд ирэхдээ надад “Чи тийм сайн дасгалжуулагч юм бол энэ жилийн улсын баяр наадамд гурван бөхөө их шөвөгт шалгаруулчих. Тэгвэл би чамд орон сууц өгье” гэдэг юм байна. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч наадам болоход Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ хоёр түрүү, үзүүрт шалгарч, Д.Хишигдорж их шөвөгт үлдсэн. Тийнхүү тэр амласан ёсоороо “Байрныхаа түлхүүрийг аваарай” гэхэд нь би “Байр оронтой би илүү байраар яах вэ дээ” гээд аваагүй. Гэтэл дараа нь “20 орчим жижиг байшинтай зуслангийн газар ав” гэхэд нь мөн л “Зуслангийн газарт тогтдоггүй надад хэрэг байхгүй биз дээ. Аягүй бол байшингийнх нь модыг хүмүүс хуулж авч түлээд дуусна” гээд буцаачихсан. Энэ мэт яриад байвал “Хүч” спорт хороотой холбоотой дурсамж надад олон бий.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дашжамц: Би цэргийн пагон, бөхийн спорт хоёрыг бурханчлан шүтдэг  
Үзсэн: 10103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-04-21 22:10
Dashjamtc guain yriltclagig unshlaa. sotsializmin ued iim l baisan daa. Odoo ch barag heveeree. Temuujin said "huch" sport horoog tatan buulgasan ni zov. Jiriin cagdaaiin alban haagch, hilchdiin alban uureg guitcetgeh nohtcoliig hangaagi bj baahan boh teh tejeeh yum
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-20 12:39
сайхан ярилцлага болжээ. Аль алинд нь амжилт хүсэе
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-19 15:11
сайхан хүн сайн ч бах дасгалжуулагчдаа батэрдэнэ аварга л багш гэж хүндэлдэг хүн шүү дээ
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-19 13:35
мундаг асуултууд байна сайхан ярилцлага хийжээ
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-19 13:34
сайхан ярилцлага байна шүү

Бидэнтэй нэгдээрэй