ОХУ, Сербийн цэргийн хамтарсан сургуулилт Сербийн нутаг дэвсгэрт өчигдөр эхэлсэн. “Славяны нөхөрлөл” нэртэй энэ сургуулилт ирэх оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.
Цэргийн хамтарсан сургуулилтад ОХУ, Сербээс гадна Белоруссын цэрэг дайчид ч оролцож байгаа аж. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар нийт 700 цэрэг дайчин оролцож байгаа энэ сургуулилтын үеэр нисдэг тэрэг, хүнд их буугаар галын дэмжлэг үзүүлэх, агаарын десантаар буух, зэвсэгт дайчдын баазыг эзлэн авах, гэмтэж шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зэргийн арга тактикийг сургуулилах юм байна.
Энэ цэргийн сургуулилт нь “Угаасаа амаргүй байгаа барууны орнууд болон ОХУ-ын харилцааг хурцатгаж болзошгүй” гэж шинжээчид үзэж байна. Серби бол ОХУ-тай тогтсон уламжлалт, найрсаг харилцаагаа, Европын холбоонд элсч НАТО-той харилцаагаа бэхжүүлэх гэсэн өөр нэг хүсэлтэйгээ тэнцвэржүүлэхийг чармайдаг улс юм.
Тус улс Оросын эрчим хүчний салбараас хараат байдаг учир НАТО-д элсэхийг хүсдэггүйн дээр 1999 оны Косовогоос Сербийн хүчнийг шахан гаргахад чиглэгдсэн НАТО-гийн бөмбөгдөлтөөс болж тус эвслийн нэр хүнд Сербид унасан байдаг. Гэхдээ бас Серби улс өнгөрсөн онд Умард Атлантын эвсэлтэй түншийн гэрээ байгуулсныг ажиглагчид сануулж байна.
Цэргийн салбар дахь хамтын ажиллагааных нь тухайд гэвэл Серби улс Оростой гэхээсээ илүү НАТО-той илүү хамтардаг гэхэд болно. Үүнийг энэ онд НАТО-той 26 удаа, харин ОХУ-тай хоёр удаа хамтарсан сургуулилт хийсэн нь баталж байна.
| Сербид 3 орны цэрэг дайчдын хамтарсан сургуулилт болж байна | ||
| Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.