Шууд Chart

Туркийн Ерөнхийлөгч Герман улсыг Гюленийг дэмжигчдэд тусалж байна гэж буруутгав

2016-11-04 15:48:39

Герман  улс  сөрөг хүчний исламын  номлогч Феттуллах Гюленийг дэмжигчдийн орогнох газар болж хувираад  байна гэж Туркийн Ерөнхийлөгч  Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ. Турк улсад цэргийнхэн төрийн эргэлт хийх гэж оролдсоны  дараагаар  тус улсын дипломат паспорттой  35 хүн  Холбооны бүгд найрамдах Герман улсаас  улс төрийн орогнол  хүссэнийг  Германы Гадаад хэргийн яам  өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Туркийн эрх баригчид  дээрх хүмүүсийг шилжүүлэн өгөхийг шаардсан  ч Германы тал хүлээн аваагүй  байна. Үүний дараа “Террорист байгууллагын гишүүдийг улс орондоо орогнуулж байна” гэж Туркийн Ерөнхийлөгч  шүүмжиллээ. Тэрбээр Анкара  хотод  болсон урлагийн зүтгэлтнүүдэд  шагнал гардуулах ёслолын  ажиллагаан дээр ийнхүү  мэдэгдээд  “Террорист байгууллага бол  эргэн харж  дайрдаг хилэнцит  хорхой” гэж анхааруулахын хамтаар  Германчуудын  төлөө  сэтгэл  зовниж байгаагаа  ч  илэрхийлсэн юм.

Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч  Германы канцлер Ангела Меркельд  Гюленийг дэмжигчдийн гэм бурууг  нотлох  4 мянган баримт явуулсныг   мэдэгджээ.  Туркад  өнгөрсөн долоодугаар сарын  16-ны  шөнө цэргийнхэн  төрийн эргэлт хийхийг  завдсан боловч  бүтэлгүйтсэн. Гол  тэмцэл   Анкара, Стамбул хотод болсон  бөгөөд  энэ бослого  үймээний уршгаар 240  иргэн амиа алдаж, 2000 хүн  гэмтэж  шархадсан юм. 

Энэ бослого үймээний гол  зохион байгуулагч нь АНУ-д  дүрвэн гарсан  Феттуллах  Гюлен мөн гэж Туркийн эрх баригчид баталдаг бөгөөд АНУ-д хандаж  түүнийг шилжүүлэн  өгөх  шаардлага  тавьсан. Гюлен энэ хэрэгт  огт холбоогүйгээ мэдэгдсээр ирсэн ч  одоо ч  Турк улсад түүнтэй холбоотой байсан хүмүүсийг  баривчилж, мөрдөн шалгах  ажиллагаа үргэлжилсээр “Гюлентэй үгсэн хуйвалдсан” хэргээр  32 мянган хүнийг саатуулан баривчилсан бол 70 гаруй мянган  хүнийг  ажлаас нь халжээ.

Өчигдөр л гэхэд  терроризмтэй холбоотой хэргээр Курдуудынх болох Ард  түмнүүдийн ардчилал намын дарга нараас гадна  тус намаас парламентад  сонгогдсон таван гишүүнийг баривчилсан гэсэн мэдээ ирж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Герман улсыг Гюленийг дэмжигчдэд тусалж байна гэж буруутгав   
Үзсэн: 1386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй