Шууд Chart

Х.Сүнжидмаа: Нөхөр маань “Бөх хүнтэй сууна” гэсээр байгаад намайг эхнэрээ болгосон

2016-11-05 11:11:14

Сонирхогчдын сүмогоор дагнан хичээллэж, тэмцээнд оролцдог эмэгтэй тамирчинтай гэдгээ манай улсын зарим иргэн мэддэггүй. Эмэгтэй хүн сүмогоор барилдана гэж юу байдаг юм гэж гайхаж мэдэх юм. Тэгвэл энэхүү ойлголтыг эвдэхийн зэрэгцээ сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн Х.Сүнжидмаатай ярилцлаа. 

-Тамирчдын нэгэн баяр бол “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа. Та үүнд шилдэг эмэгтэй тамирчны номинацид өрсөлдсөн. Шагнал гардуулах ёслол ямар санагдсан тухай яриагаа эхэлье?

-Нэг их сайхан мэдрэмж төрүүлээгүй. Хэдхэн хүн уригдаад тэднээсээ шалгаруулалтаа явуулаад л болдог юм билээ. Өмнө нь намайг телевизээр үзэхэд их л сүртэй болж байх шиг санагддаг байсан Арай олон ч хүнтэй. Гэтэл энэ жилийнх нэг л уйтгартай.  

-Таныг багштайгаа ирэх байх гэж таамаглаж байлаа. Гэтэл багш тань энэ ёслолд ирээгүй. Уг нь шилдэг дасгалжуулагч номинацид нэр дэвшсэн байсан?  

-Харин тийм ээ. Завгүй байсан. Багш маань намайг сүмогийн спортод амжилт гаргахад хөтөлсөн хүн.  

-Таныг самбо, жүдогоор хичээллэдэг байсан гэж сонссон? 

-Тийм. “Монгол охид” нэртэй самбо, жүдогийн клубыг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын начин С.Эрдэнэбат багш нээхэд элсэн орж, С.Эрдэнэбат, ОУХМ Г.Базарсүрэн багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ хийж байсан. Тухайн үед сүмогийн УАШТ, Азийн АШТ-д түрүүлж, багаараа ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр цагаас хойш энэ спортод эргэлт буцалтгүй орсон. 2005 оны ДАШТ Японд болоход хүрэл, багаараа мөнгө, Польшт 2010 оны ДАШТ зохиогдоход хүрэл, Хонгконгт 2012 оны ДАШТ болоход мөнгө, 2014 оны ДАШТ-ээс хүрэл, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн.   

-Одоо таны бэлтгэлийг хэн хангаж байна вэ? 

-Мэргэжлийн сүмогоор барилддаг байсан Г.Наранбат багш. Багш маань дэлхийн сүмо бөхийн ДАШТ-ий 2008, 2012 оны алт, 2009 оны мөнгө, олимпийн бус төрлүүдийн дэлхийн наадмын сүмо бөхийн тэмцээнээс үнэмлэхүй жинд алтан медаль хүртэж байсан.

- Анх сүмогоор барилдахад ямар санагдаж байв?

-Туршлага багатай байсан болоод ч тэр үү эвсэл муу байлаа. Хамгийн түрүүнд барьцанд хүрэхийг л бодно. Тэгээд барьж чадвал түлхэж, өргөөд л гаргахыг хичээнэ. Харин одоо арай өөр болсон. Хамгийн гол нь эхний босолтоо сайн хийх хэрэгтэй. Босолт давгүй эхэлвэл барьж аваад л залчихна даа. Янз бүрийн мэх бараг хийж чаддаггүй. Бяраараа л үзнэ.

-Бяр их биз ...?

-Жин ихтэй болохоор тэр чинээгээр бяр байдаг шиг байгаа юм.

-Хүчний бэлтгэл хийдэг үү?

-Үгүй. Бусад улсын эмэгтэй сүмочид хийдэг юм шиг байна билээ.  

-Бусад улсын эмэгтэй сүмочдын онцлогоос бидэнд сонирхуулаач?

-Европынхон бие томтой ч бяраар илүүгүй. Миний нөгөө жинд Анна гэж бүсгүй бий. Тэр л жиндээ тасархай. Харин миний жингийн Япончууд мөргөж орж ирэхээс өөр шидгүй. Мөргөх үед нь барьц авчихсан байхад амархан. Сүүлийн үед Украин хүчирхэг болж байгаа. Тэдний хийх ажил нь сүмогоор л барилдах. Ар гэрийнх нь хангамжийг улс нь даачихсан болохоор санаа нь ч зовдоггүй биз. Тэгээд ч Японы үндэсний спортыг үндсэн багшаар нь заалгана гээд Япон багштай ч болсон. 

-Таныг энэ спортоор дагнахад гэр бүлийнхэн тань дэмжсэн үү. Эсвэл хориглов уу? 

-Нөхөр маань үнэхээр дэмжсэний хүчинд би өдий зэрэгтэй явна. Манай хүн чинь спортод их сонирхолтой. Ялангуяа бөхийн спортод. “Бөх хүнтэй сууна” гэсээр байгаад намайг эхнэрээ болгочихсон хүн шүү дээ. Олон мөрөөдлийнх нь нэг бөх эхнэртэй болох гэж сүүлд надад хэлсэн. Одоо түүний дараагийн мөрөөдөл хүүтэй болох. Намайг “Хүү төрүүлж өг” гээд байгаа. Хэзээ гаргах юм бүү мэд. Хоёр жилийн өмнө би спортоо орхиё гэж ярьсан чинь нөхөр “Хэрэггүй. Миний хань заавал дэлхийн аварга болох ёстой. Чи чадна. Магадгүй Монгол Улсын Гавьяат тамирчин ч болох юм бил үү” гэсээр байгаад болиулсан. Гэтэл өнгөрсөн жил нөхрийнхөө хүслийг биелүүлж, түрүүлсэн. Гэр бүлтэй болохоос маань өмнө аав, ээж маань ч их дэмждэг байсан.

-Гэтэл манайхны зарим нь эмэгтэй хүн сүмогоор барилддаг гэдгийг бараг мэддэггүй. Өнгөрсөн жил таныг ДАШТ-д түрүүлснийг мэдээгүй л байсан. Иймэрхүү байдалд урам хугардаг уу?

-Харин тийм. Олимпийн бус спорт болохоор хүмүүс ингээд тоодоггүй юм. Өнгөрсөн жил намайг түрүүлэхэд жүдогийнхон ч ДАШТ-ээс ирж, “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хамт буусан. Хүмүүс тэд нар руу туйлшраад л гүйлдээд байхаар нь би дасгалжуулагчтайгаа дэргэдүүр нь зөрөөд л гарсан. Харин дараахан нь МҮОНТ-ээр миний оролцсон тэр тэмцээнийг дамжуулахад миний хүрээнийхэн үзсэн байна билээ. Намайг “Сайн барилдсан байна” гээд баяр хүргэсэн.  

-ДАШТ-д амжилттай оролцсон тамирчдад улсаас олгодог мөнгөн шагналыг та хүртдэг үү?

-2014 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд хэдэн төгрөг өгсөн. Яг хэдийг өгөх ёстойгоос хэдийг өгснийг нь бүү мэд. Сүүлдээ тоохоо байсан.

-Яагаад?

-Их инээдтэй олгож байгаа юм чинь. Сард 100 орчим мянган төгрөг данс руу шилжүүлнэ. Заримдаа 50 мянга ч байх шиг. Тэгж, тэгж хоёр жилийн өмнө олгож дуусах ёстой байсан мөнгөн шагналаа саяхан дуусгалаа гэж хэлсэн. Өнгөрсөн жилийнх нь бүр ч сураггүй. Олимпийн бус төрөл болохоор биднийг ёстой ойшоохгүй байгаа юм. Гэхдээ би төрөөс мөнгө авах ёстой биш болохоор иймэрхүү байдалд анхаарлаа хандуулдаггүй.   

-Одоогоор та ямар, ямар улсад очиж барилдав. Замын зардлаа хувиасаа гаргадаг уу?

-Япон, Тайвань, Европын хэд хэдэн улсад очиж барилдсан. Нөхөр маань хувиараа бизнес эрхэлдэг болохоор намайг давгүй ивээн тэтгэдэг. Өнгөрсөн жилийн ДАШТ-д би гэр бүлээрээ явсан. Намайг түрүүлээд дэвжээнээс буугаад ирэхэд том охин маань уйлчихсан зогсож байсан.

-Самбо, жүдогоор туушдаа хичээллэсэн бол ... гэж бодож байв уу?

-Үгүй. Харин манай нөхөр “Чи жүдогоор хичээллэсэн бол өдийд бужигнуулж байхгүй юу” гэдэг. Гэхдээ жүдо бөх тохирохгүй хүндээ тохирохгүй спорт л доо.

-Түрүүн утсаар ярихад та сургалтад сууж байна гэсэн. Нууц биш бол юуны сургалтад сууж байгаа юм бэ?

- Өнгөрсөн жил Японд болсон олон улсын сүмогийн тэмцээнд би оролцож түрүүлсэн юм. Дараа нь Г.Наранбат багшийнхаа Япон улсад төгссөн сургуульд бэлтгэл хийсэн. Гэтэл тэр сургуулийн захирал намайг “Манай сургуульд ирж суралцана уу” гэсэн урилга гардуулсан юм. Тиймээс ирэх гуравдугаар сард гэр бүлээрээ явж, дөрвөн жил тэнд амьдрах гэж байна Гэвч ярианы түвшин бага болохоор энд сургалтад сууж байгаа юм. Сурч байх хугацаандаа сургуулийн болон бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд сурч байгаа сургуулийнхаа  нэрийн өмнөөс барилдана. Тэр сургуульд олигтой барилддаг эмэгтэй сүмоч байдаггүй юм билээ. Хамгийн гайгүй нь гэсэн чинь хоёр жижигхэн охин байсан. Надтай бэлтгэл ч хийж чадахааргүй санагдсан. Тиймээс би дандаа эрэгтэйчүүдтэй нь л бэлтгэл хийх байх. Залуучууд нь харин жин ихтэй, бяртай, бэлтгэл ч даах чадвартай.  

-Та хоёр охиноо спортоор хичээллүүлэх үү?

-Томыгоо ямар ч байсан жүдогоор хичээллүүлнэ. Япон руу удахгүй явах болохоор сургалт сайтай улсад эхнээс нь бэлтгэл хийлгэсэн нь дээр байх. Аав нь “Миний охин сайн бөх болно шүү” гээд бага байхын л сэтгэхүйд нь суулгачихсан болохоор хүмүүс түүнээс “Ямар мэргэжилтэй болох бэ” гэхээр “Бөх болно” гэдэг. Үеийнхнээсээ харьцангуй өндөр, жин ихтэй. Ямар сайндаа эмээ нь “Миний охин өөрийгөө долоотой биш 12 настай гэж хэлж бай” гэдэг. Цагаан хэл ам хүрчихнэ гэсэндээ тэр л дээ.

-Монголынхоо эрэгтэй сүмочидтой барилдаж үзэв үү?

-Үгүй. Тэдэнд би юу болох вэ дээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ийг Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноров нар үзэж байсан. Гэхдээ 2002 онд би Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сувилалд бэлтгэл хийхэд Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбат, улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нартай барилдаж үзсэн. Тэд тухайн үед сонирхогчийн сүмогийн ДАШТ-д явах гээд бэлтгэл хийж байсан юм л даа.   

-Тэмцээн, бэлтгэл хийх явцад бэртэл авах нь гайгүй байдаг уу?  

-Спорт л болсон хойно бэртэнэ. Наад зах нь эрхий хуруу мултраад эргэчихдэг. Тэгэхээр нь тэр даруйд нь мушгиад оруулчихна. Сүүлдээ сурсан. Гэхдээ би сүүлийн үед барилдах болгондоо хуруугаа холбож боодог болсон.  

-Бүсгүйчүүд турах гэж их хичээдэг. Харин танд ийм бодол төрдөг үү?

-Байнга боддог байсан. Тэгсээр байгаад стрессийн тарга гэдэг нь болчихсон байх. Сүүлдээ тоохоо ч байлаа. Хүмүүс ч “Сүмогоор барилддаг юм чинь тарган байх ёстой биз” гэсэндээ ч тэр үү нэг их юм ярьдаггүй. Жин ихтэй хүн энэ спортоор өрсөлдөхөд ч давуу талтай. Тиймээс одоо турах талаар бодохоо байсан.   

-Таны удамд спортын хүн байдаг уу?

-Аав маань бие томтой. Залуу байхдаа аймаг, сумын наадамд барилддаг байсан. Одоо ах, дүү хоёр маань зодоглодог ч  хараахан цолонд хүрээгүй байна. Ер нь манайхан биерхүү  улс шүү.    

-Ярилцсанд баярлалаа. Танд спортын амжилт хүсье.    


MNB.mn цахим хуудас
2016.01.14
Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Сүнжидмаа: Нөхөр маань “Бөх хүнтэй сууна” гэсээр байгаад намайг эхнэрээ болгосон  
Үзсэн: 4623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
brenda [127.0.0.xxx] 2019-10-25 13:37
Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.
mongol busgui [103.212.119.xxx] 2016-11-10 09:26
Mundag shuu tuushtai ywaad iluu in amjiltiig gargaarai amjilt
Зочин [202.9.42.xxx] 2016-11-09 21:45
Монгол улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж яваа мундаг эмэгтэй байнаа
Зочин [166.137.240.xxx] 2016-11-06 22:38
Hmmmm utagagui um!!! Iim balai um hiij baidag teneg gahai!!!!
Зочин [202.70.34.xxx] 2016-11-16 13:06
Хүнд гай болохгүй дуугүйхэн хорвоогийн тоосыг хөдөлгөж явж болдоггүймуу
Зочин [103.10.21.xxx] 2016-11-07 06:47
Чи өөрөө тэнэг гахай... идээд, бусдыг муу хэлж суухаас өөр ид шидгүй...

Бидэнтэй нэгдээрэй