Шууд Chart

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийг баривчиллаа

2016-11-05 15:44:36

Өмнөд Солонгосын прокурорын газар тус улсын ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн найз авилгын томоохон шуугианы гол хэрэгтэн болсон Чой Сун Силийг баривчилсан тухай “Ренхап” агентлаг уламжилж байна. Энэ эмэгтэйг Сөүл хотын тойргоос шүүхээс өгсөн зөвшөөрлийн дагуу ийнхүү баривчилжээ.

Тус улсын шүүх прокурорын газраас тулгасан зэмийг, мөн Чой Сун Силь эд мөрийн баримтыг устгаж болзошгүй гэснийг үндэслэж ийнхүү баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Өмнөд Солонгосын прокурорын газар энэ долоо хоногийн эхээр Чой Сун Силийг байцааж мэдүүлэг авсныхаа дараа түүнийг саатуулсан бөгөөд шүүхээс албан ёсоор баривчлах зөвшөөрөл ирэхийг хүлээж байсан юм.

Өнгөрсөн баасан гарагийн өглөө ерөнхийлөгч Пак Гын Хэ дахин ард түмнээсээ уучлал гуйж, найзтай нь холбоотой хэрэгт мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч өөрийнх нь эсрэг эсэргүүцлийн жагсаал цуглаан зогсохгүй, энд тэнд үргэлжилсэн хэвээр байна. Пак Гын Хэ-ийн найз Чой Сун Силийг нөлөөгөө ашиглаж Өмнөд Солонгосын том компаниудаас өөрийнхөө хоёр санд хандив авсан хэрэгт буруутгаж байгаа.

Зарим мэдээгээр, энэ эмэгтэйн хоёр сангаар 53 компаниас цуглуулсан 80 тэрбум вон буюу ойролцоогоор 72 сая доллар дамжсан гэж байгаа. Чой Сун Силь энэ мөнгөний зарим хэсгийг хилийн чанадад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад, мөн охиныхоо сургуулийн төлбөрийг төлөхөд ашигласан байж болох талтай гэнэ.

Харин ерөнхийлөгч Пак Гын Хэ-г 40-өөд жил найзалж байгаа найздаа төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцож, өөрийнхөө хэлэх үгийг засварлаж, нууц мэдээ мэдээлэл дамжуулсан, ингэснээр түүнд төр улсын хэрэгт тур ч байтугай улс орны эдийн засгийн байдалд нөлөөлөх боломж олгосон гэх зэм тулгаж байна.

Мөн зарим мэдээгээр, Чой сун Силь төрийн хэрэгт оролцоогүй  ч гэсэн зарим нэг боловсон хүчний томилгоонд нөлөөлж, ерөнхийлөгчийн тамгын газрын ажилд бас хөндлөнгөөс оролцдог байсан бололтой. Мөн өчигдөр прокурорын газар ерөнхийлөгчийн туслах байсан Чон Хо Соныг баривчилсан байна. Энэ эмэгтэйг Чой Сун Сильд нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Тэгэх зуур Өмнөд Солонгосын прокурорын газар энэ шуугиан тарьсан хэргийг мөрдөн шалгах мөрдөгчдийн багийг өргөтгөх шийдвэр гаргаад байна. Ямар ч байсан прокурорын газар энэ ноцтой хэргийг ул суурьтай мөрдөн шалгахын тулд өөрт байгаа бүх нөөц бололцоогоо бүрэн ашиглах шийдвэр гаргажээ. Энэ хэргийг 22 мөрдөн байцаагч шалгаж байсан бол одоо тэдний тоог 31 болгон өргөтгөөд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийг баривчиллаа  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй