Шууд Chart

Домогт Мэжик Жонсон 1991 оны энэ өдөр зодог тайлжээ

2016-11-07 08:21:30

1991 оны 11-р сарын 7-нд буюу энэ өдөр АҮСБХ-ны лигийн домогт тоглогч, "Лос Анжелес Лэйкерс" багийн хамтаар 5 удаа лигийн аварга баг болсон алдарт Мэжик Жонсон хүний дархлалын олдмол хомсдол вирүсээр халдварласны улмаас эх спортоо орхиж байжээ. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Мэжик Жонсоныг 1996 онд лигийн домогт 50 тоглогчийн нэгээр тодруулж, 2002 онд "Алдрын танхим"-ын гишүүн байх ёстой хэмээн хүндэтгэсний зэрэгцээ спортын нэр хүндтэй ESPN телевизээс сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн онцгой холбон тоглогчоор нэрлэж байсан түүхтэй.

Тэрбээр амжилтын оргил үедээ алдарт "Бостон Селтикс" багийн домогтт тоглогч Ларри Бөрдтэй үзүүлж байсан өрсөлдөөнийг энэ лигийн хамгийн агуу тэмцэл байсан гэлцдэг. Анх 1979 оны драфтын 1-р тойргийн тэргүүн сонголтоор "Лос Анжелес Лэйкерс" багтаа сонгогдож, мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн тэрээр 12 жилийн турш зөвхөн энэ багийн төлөө л хүчин зүтгэсэн юм. Энэ хугацаанд Мэжик лигийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 3 удаа хүртэж, 12 удаа бүх оддын тоглолтод сонгогдон оролцохдоо 2 удаа үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байсан домогт нэгэн билээ.

Мөн лигийг оновчтой дамжуулалтын тоогоор 4 улирал, бөмбөг тасалсан тоогоор 2 улирал тэргүүлж байсан юм. Ур чадвар, техник, бие бялдар, хурд хүчний төгс хослол болсон үзүүштэй, уран тансаг тоглолтоороо сагсан бөмбөгийн хорхойтнуудыг 12 жил баясгасан тэрээр энэ хугацаандаа өөрийн үндсэн довтолгооны зэвсэг болсон баруун гарынхаа 5 хуруунд бүгдэд нь аваргын бөгжийг зүүж чадсан. Ингэхдээ шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг мөн 3 удаа өөрийн болгож чадсан билээ. Алдарт Иэрвен Мэжик Жонсон мөн 1992 онд Испанийн Барселана хотноо болсон зуны олимпийн 25-р наадамд АНУ-ын шигшээ багийн хамтаар аваргын алтан медалийг хүртэж байсан түүхтэй. "Лос Анжелес Лэйкерс" баг түүний 32 дугаарыг мөнхлөн үлдээж, өөрийн алдарт "Стэйплес Цэнтр"-тээ Мэжикийг үүрд үлдээх билэгдлээр ордныхоо гадаа түүний хөшөөг сүндэрлүүлсэн байдаг. 

1991 онд өөрийгөө дархлалын олдмол хомсдол (ДОХ)-ын халдвар авсанаа олон нийтэд зарлаж, нийгмийн сайн санааны үйлсийг дэмжих сан байгуулан үүнийгээ өөрийнхөө нэрээр дэлхий даяар алдаршуулсан. Тухайн үеийн нийгэмд "ДОХ нь ижил хүйстэн эрчүүдийн өвчин ба энэ өвчнийг туссан хүн удалгүй хорвоог орхидог" хэмээх буруу ойлголт дэлгэрсэн байлаа. Тэрээр хувь хүний гайхамшигт тэвчээрийг гаргаж энэхүү хүнд өвчинтэй 25 жилийн турш тэмцэж байгаа бөгөөд олон нийтэд ДОХ-ын эсрэг мэдлэг олгох зорилготой аяныг өөрийн хөрөнгөөр явуулдаг юм. Спортын ертөнцөд унаган нэр мэт үлдсэн "Мэжик" буюу "Шидэт" гэх тодотголтой тэрээр өдгөө 57 настай бөгөөд одоо бизнесний салбарт арвин амжилтыг гаргаж байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Домогт Мэжик Жонсон 1991 оны энэ өдөр зодог тайлжээ  
Үзсэн: 2654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.140.xxx] 2016-11-07 10:16
хамгийн агуу сагсчин

Бидэнтэй нэгдээрэй