Шууд Chart

Ажилчдаа илүү цагаар ажиллуулж хууль зөрчсөн компанийг шалгаж байна

2016-11-07 15:49:13

Японы Хөдөлмөрийн яам зар сурталчилгааны хамгийн том компани болох “Денцү”-г Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, ажилчдаа хэт урт цагаар ажиллуулдаг байж болзошгүй гэж сэжиглэн шалгалт оруулжээ.

Токио хотын Хөдөлмөрийн товчооны 30 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр компанийн төв байранд шалгалт хийж эхэлсэн байна. “Денцү” компанийн ажилтан 24 настай Мацури Такахаши өнгөрсөн 12 дугаар сард хэт их ажлын ачааллаас үүдэн сэтгэл санааны хямралд орж, амиа хорлосон бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан тус улсын Хөдөлмөрийн яамнаас өнгөрсөн сараас эхлэн “Денцү” компанийг тандан ажиглаж эхэлжээ.

Тус компанийн ажилчид Хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн цагаас илүү урт цагаар ажилладаг гэх гомдол санал хэд хэдэн удаа ирж байсны дагуу өнөөдрийн шалгалтыг явуулж, компани дээрх ажилчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж байна. Шинжээчдийн баг ажилчидтай ярилцах болон компанийн зарим бүртгэл материалуудтай танилцах замаар тус компани өнгөрсөн хугацаанд ажилчдыг хэт урт цагаар ажиллуулж, хууль зөрчсөн эсэхийг тогтооход гол анхаарлаа хандуулж байна.

Хэрвээ ямар нэг байдлаар ажилчдыг дарамталж, илүү цагаар ажиллуулсан нь илэрвэл шүүхэд хандаж, хавтаст хэрэг үүсгүүлнэ гэдгийг яамны мэргэжилтнүүд хэлж байна. Харин “Денцү” компанийн удирдлагууд шинжээчдийн багийнхантай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ өнгөрсөн сараас эхлэн нийт ажилчдыг илүү цагаар ажиллахыг хориглож, оройн 22 цаг гэхэд ажлын байрыг орхиж явахыг шаардсан дотоод дүрэм журам боловсруулснаа танилцуулжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ажилчдаа илүү цагаар ажиллуулж хууль зөрчсөн компанийг шалгаж байна   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй