Шууд Chart

Ракка хотыг “Исламын улс”-аас чөлөөлөх ажиллагааг эхлүүллээ

2016-11-07 17:26:31

Курдын дайчид тэргүүтэй Сирийн арми тус улсын хойд хэсгийн Ракка хотыг “Исламын улс” алан хядагч бүлэглэлийнхнээс чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн байна. “Исламын улс”-ынхан энэ хотыг өөрсдийн гол хот гэж зарлаад байсан юм. Сирийн ардчилсан хүчин өчигдөр Ракка хотын ойролцоох Айн Исса сууринд хэвлэлийн бага хурал хийж, хотыг чөлөөлөх ажиллагааны дүнд зарим сууринг булаан аваад байгаа тухай мэдэгдлээ.

Энэ ажиллагаанд Сирийн армиас гадна Курдын дайчид, Араб, Турк болон бусад холбоотон орнуудын цэргийн туслах хүчин оролцож байна. “Исламын улс” бүлэглэл нь 2014 оны зургаадугаар сард Сири, Иракийн нутгийг дамнасан өөрсдийн Халифын вант улсыг үүсгэн байгуулж, нийслэлээр нь Ракка хотыг зарлаж байсан. Харин энэ удаад тус хотыг алан хядагчдаас чөлөөлөх ажиллагааг эхлүүлж байгаа нь Ирак  дахь тэдний гол түшиц газар болох Мосул хотыг чөлөөлөх ажиллагаатай холбоотой бөгөөд “Исламын улс” бүлэглэлийнхнийг нэг мөр унагаж авах гэсэн оролдлого юм.

Сүүлийн 4 жилийн турш Сирид үүсээд байгаа иргэний дайн самуунд тус улсын Засгийн газрын хүчин, тэдний эсрэг босогчид, Курдууд, “Исламын улс” бүлэглэл гэх мэт олон хүчин оролцож эмх замбараагүй дайн тулаан үүсгээд байгаа. Ажиглагчдын үзэж байгаагаар Сирийн Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа Иракийн Мосулыг чөлөөлөхөөс илүү хатуу ширүүн болно гэж таамаглаж байна. Учир нь “Исламын улс” тус хотод гол хүчээ төвлөрүүлсэн бөгөөд тйим амархан тавиад өгчихгүй нь тодорхой гэж үзэж байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ракка хотыг “Исламын улс”-аас чөлөөлөх ажиллагааг эхлүүллээ   
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй