Шууд Chart

Энэтхэгийн утаа онц байдал зарлах түвшинд хүрлээ

2016-11-07 17:34:55

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод утааны улмаас ирэх гурван  өдрийн турш сургууль, цэцэрлэгүүд үүдээ барих шаардлагатай болсныг хотын захирагч албан ёсоор мэдэгдлээ. Мөн утаанаас үүдэн үзэгдэх орчин муудсаны улмаас барилга байгууламж барих, нураах ажлуудыг ирэх өдрүүдэд хийхийг хориглоод байна.

Хэрвээ байдал дээрдэх төлөвгүй байвал энэ хугацааг сунгаж магадгүй бөгөөд тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оруулах тухай ч тэрбээр мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Нью Дели хот даяар 5000 сургууль үүдээ барихад хүрсэн тухай хэвлэлүүд уламжилж байна.

Агаарын чанарын асуудал ийм нөхцөл байдалд хүртлээ муудсан шалтгааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн Дивали баярын үеэр галт наадам зохиосонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Тус хотод агаарын чанарын үзүүлэлт маш муу буюу 1 куб метр агаар дахь тоосонцрын хэмжээ ердийн үеийнхээс гурав дахин ихэсчээ. Иймд иргэд аль болох гэрээс гарахгүй байх болон амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөөд байна.

Нью Дели хот нь 21 гаруй сая хүн амтай бөгөөд үйлдвэржилтээс үүдсэн агаарын бохирдол ихтэй хот юм. Гэвч энэ удаагийнх шиг гамшгийн түвшинд хүрч байгаагүй тухай албаныхан хэлж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Өмнөд Азийн орнуудад 620 сая хүүхэд агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Ийнхүү агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйлүүдэд авто машины утаа, нүүрсний хэт их хэрэглээ, хог шатааснаас үүдсэн тоосонцор, угаар зэрэг багтаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн утаа онц байдал зарлах түвшинд хүрлээ  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй