Шууд Chart

Жеймс Коми: Хилларигийн цахим захидал дунд ноцтой материал байхгүй

2016-11-07 17:42:48

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө нэг хоног үлдээд байна. Энэ үед Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны компанит ажлын эсрэг ашиглаж байсан цахим захидалтай холбоотой хэргийн мөрдөн шалгалтын дүн тайланг танилцуулж, Хиллариг гэмт хэрэгт хардах шаардлагагүй болохыг мэдэгдлээ.

Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коми өчигдөр Конгресст энэ тухай танилцуулахдаа мөрдөн шалгалтын үр дүнд хатагтай Хилларитай холбоотой цахим захидлууд дунд гэмт хэргийн шинж чанартай зүйл илэрсэнгүй гэсэн юм. Тэрбээр энэ хэрэгтэй холбоотой шуугиан дэгдсэний дараагаар өнгөрсөн долоодугаар сард мөн л Хиллариг буруугүй гэсэн мэдэгдэл хийж байсан юм. Хилларигийн цахим захидлын хэрэг түүний туслах Хума Абедины нөхөр, сенатч асан Антони Вэйнерын цахим захидлуудыг шалгах үед Хилларигийн ашиглаж байсан хувийн серверээр орж гарсан байх магадлалтай хэсэг бүлэг захидлуудыг олж илрүүлсэнтэй холбоотойгоор дахин шуугиан дэгдсэн. Гэвч энэ дунд ноцтой материал байхгүй болохыг Холбооны мөрдөх товчоо баталлаа.

Үүнийг нь Трампын сонгуулийн штабаас эрс үгүйсгэж, “Жеймс Коми маш хүчтэй улс төрийн дарамтад орсон учраас ийнхүү худлаа тайлан танилцууллаа” гэж хардаж байна. Энэ хэргийг дахин тодруулбал, нэр дэвшигч Хиллари Клинтон 2009-2013 оны хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа улсын ажлыг хувийнхаа цахим серверээр дамжуулж явуулдаг байсан нь төрийн нууцыг гадныханд алдах эрсдэл дагуулсан болчимгүй үйлдэл төдийгүй түүний цаана гэмт бүлэглэлүүдтэй холбоотой үйлдлүүд ч нуугдаж байж болзошгүй гэж сэрдэж байгаа юм. Ийнхүү сонгууль болохоос ердөө  нэг, хоёр хоногийн өмнө Хиллариг цахим захидлын хэрэгт гэм буруугүй гэж зарласан нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх эсэх дээр шинжээчид төдийлөн сайн үр дүн харахгүй байна.

Хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү маш ойрхон буюу 1.7 хувьтай байгаа нь орон нутгийн цагаар маргааш орой эхлэх сонгуулийн үр дүнг тааварлашгүй болгож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жеймс Коми: Хилларигийн цахим захидал дунд ноцтой материал байхгүй  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй